Ч.ЗОТОЛ
Залуу уран бүтээлч Б.Оюун-Эрдэнэ, Э.Ононгуа нарын уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн UB INN-BUM арт галарейд нээгдсэн нь үзэгчдийн сонирхлыг татаж байна.
Хоёр уран бүтээлч нэг ангийн найзууд. СУИС-ийн ДУДС-ийг 2016 онд төгссөн. Сургуулиа төгсөөд “Арт Монголиа” галарейд монголчуудын “Морины” хэмээн нэрлэдэг зураач Батмөнх багшийн удирдлагад уран бүтээлээ хийж эхэлжээ.
Б.Оюун-Эрдэнийн бүтээлд байгаль ертөнцийг эмэгтэй хүний нүдээр олж харсан зөөлөн дулаан мэдрэмж, хараацай шувуу, цэцэг илүүтэй дүрслэгдсэн бол Э.Ононгуа од гариг, эрхэстэй өөрсдийнх нь хэлээр ярилцсан юм уу гэмээр тэдний ааш зан, өнгө төрхийг бий, будгаар амилуулсан мэт.
Залуу уран бүтээлчид цэцэрлэгт байхдаа зураг зурж эхэлсэн. Тэрхүү авьяас чадвараа сургуулиар олж авсан мэдлэг, чадвараар улам ахиулж, уран бүтээлийн эрэл хайгуул хийж яваагаа энэхүү үзэсгэлэнгээрээ харуулжээ.
Тэд үзэсгэлэнгээ “Гүнд” хэмээн нэрлэсэн бөгөөд байгаль, огтогуй ертөнцийн гүнд саатахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй. Үзэсгэлэн долоо хоног үргэлжлэх юм байна.
Эх сурвалж: Www.polit.mn