Л.Баттогтох эмч зөвлөж байна

Ямар хоол сонгож идэх нь бидний эрүүл мэндэд ихээхэн хамааралтай. Бидний хамгийн эхэлж идсэн хоол хүнд чанарынх байвал маш удаан хугацаанд шингэдэг. Тухайлбал, улаан мах-36-72, загас, шувууны мах-24-48, сүүн бүтээгдэхүүн-24-36, шош-20-30, самар, үр-20-26, үр тариа-18-24, хүнсний ногоо /төмс, лууван, манжин/-18-24, навчит ногоо-12-18, жимс, жимсгэнэ-6-18 цагийн дотор биед бүрэн боловсордог. Тиймээс хөнгөн хоолоор өглөөний цайгаа эхлэх нь хамгийн зөв арга юм. Та өдөр 2-3 удаа махан хоол иддэг бол түүнийгээ багасгах хэрэгтэй. Аажмаар өөртөө дасгаж өдөрт хоёр удаа иддэг байсан бол нэг болгож цаашлаад өнжөөд нэг удаа идэх нь зүйтэй. Долоо хоногт 2-3 удаа иддэг байхаар зохицуулж чадвал зөв зохистой хооллолтын утга учир гарч ирнэ.

Ногоог заавал болгож хэрэглэх хэрэгтэй. Болгосон ногоо нь ямар ч аминдэмгүй гэж ярьдаг. Энэ бол ор үндэсгүй худал зүйл юм. Хэрэв та ногоогоо зөв болгож чадвал аминдэмийн 10 хувь нь л алдагддаг. Үлдсэн 90 хувь нь биед шим тэжээл болно. Та түүхий ногооны зуушыг өдөр бүр хэрэглэдэг бол, таны идэж байгаа зуушанд 1-2-хон зүсэм түүхий ногоо орсон байхад л бодисын солилцоог удаашруулж биеэс маш их энерги зарцуулагддаг гэдгийг санаарай. Тиймээс түүхий, хүйтэн ногооноос татгалзах хэрэгтэй. Аль болох боловсрохдоо биеэс бага энерги, эрчим хүч зарцуулах хоолыг идэх нь чухал.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин