Т.САЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр 2017 оны шилдэг бүтээн байгуулалтыг зарлаж, “Төрийн гэрэгэ”-г гардууллаа.
“Эрэл” компанийн “Байшин үйлдвэрлэх комбинат”, МУИС-ийн номын сангийн барилга, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийг шилдэг бүтээн байгуулалтаар нэрлэлээ.
Ерөнхийлөгч “Бүтээмж, чанар бол Монгол шиг хөгжилд тэмүүлж байгаа үндэстнүүдийн хувьд цаг хугацааг товчлох, хөгжлийг амдах, нөөцийг хөгжлийн гарц болгон хувиргах чадвар олгох хэрэгсэл юм. Монгол орны хөгжил, хот, аймгуудын хөгжилд нам харгалзахгүй байх ёстой. Хэн энэ ажлыг санаачилсан нь хамаагүй, ажил үргэлжлэх ёстой. 21 аймаг, 330 сум шинээр төлөвлөгдөж, шинээр баригдах цаг хугацаа болсон” гэдгийг онцолж байна. “Эрэл” компанийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-ын захирал Б.Эрдэнэбат “Агаар, орчны бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөх ажлын хүрээнд иргэдийн орон сууцны хэрэгцээг хямд зардлаар хангах боломжийг олгож байна. Барилгын салбарын орчин үеийн шаардлагыг иж бүрэн хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй, улирал харгалзахгүйгээр ажиллах боломжтой, шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүллээ гэж байв.
Харин МУИС-ийн номын сангийн барилга нь Монголын дээд боловсролын төдийгүй номын сангийн салбарын нүүр царай болохуйц, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ, сургалт судалгааны түшиц номын сан болсон учраас энэ шагналыг олгожээ.
Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын тухайд орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж, аймгийн төв, сумын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилгоор орон сууцжуулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэхэд улсын хэмжээнд жишиг болохуйц бүтээн байгуулалт өрнүүлж буйгаараа онцлог юм байна.
“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал Төрийн гэрэгэ”-г төрийн байгууллага, мэргэжлийн холбоо, шинжлэх ухааны байгууллага, эрдэмтэн судлаач, иргэд олон нийтийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг нягтлан судалж, сонгон шалгаруулалт хийсний дүнд Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог билээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин