С.САРУУЛ

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ болон  долдугаар сарын 1-ний өдрийн хохирогчид, ар гэрийнхэн С.Баярт давхар хэрэг үүсгэх талаар өнөөдөр /2018.04.30/ олон нийтэд хандаж “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

“Хохирогчдын эрх ашгийг хамгаалах шударга төв” ТББ-ын тэргүүн  Х.Оюунцэцэг “С.Баярыг Ерөнхий сайд байх үед буюу 2008 оны долдугаар сарын 1-нд УИХ-ын сонгуулийн дүнтэй холбогдуулан томоохон үй­мээн дэгдсэн. Энэ өдөр Монгол Улс түүхэндээ анх удаа онц байдал тогтоож, үй­мээний улмаас таван хүний амь нас эрсэдсэн. Энэ хэргийг зохион байгуулалттай гэж ярьдаг, тэр нь ч үнэн. Тухайн өдөр  онц бай­дал тогтоохыг Ерөнхий сайд С.Баяр тулган шаардаж, онц байдлын бүсээс гадна явсан хүмүүсийг цагдаа, цэргийн хүчээр хоморголон баривчилж, энгийн ард иргэд  рүүгээ галт сумаар буудсан. Тухайн үед бүх телевизүүдийг хааж  нийгмийг айн цочирдуулж иргэний хөдөлгөөний лидерүүдийг баривчлан 800 гаруй  залуучуудыг хоморголон баривчилж албаар  байраа шатаагаад хохирсон дүр үзүүлж нийгмийн цочирдлыг далимдуулан МАХН  буюу одоогийн МАН засгийн эрхийг авсан. Одоо мөрдөн шалгагдаж байгаа С.Баяр эрүүл мэндийн  шалтгааны улмаас ялаас мултрах гэсэн  оролдлогуудыг  хийж байна. Шалгаж байгаа нөхцөл байдал дээр нь Эрүүгийн хэрэг үүсгэн өнөөдөр таван хүний амь нас, эрүүл мэнд болон  амь насаараа  хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах ёстой” гэв.

Харин энэхүү хуралд оролцсон 2008 оны долдугаар сарын 1-нд хөл рүүгээ буудуулж гэмтсэн хохирогч Ж.Батзаяа “Миний баруун хөлний дунд чөмөг гэмтсэн. Тухайн үед би 16 настай байсан. Түүнээс хойш өнгөрсөн 10 жилийн хугацаанд хоёр жил эмнэлгийн орон дээр, дөрвөн жил суга таягтай, гурван жил хөдөлмөрийн чадваргүй амьдарч байна. 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдсан. Өвөл болохоор шарх сэдэрч идээ бээр гоождог.

Тэр үед намайг хэн буудсан юм бэ. Цагдаа буудсан. Авраач гэхэд дээрээс ирээд дэвсч байсан. Насаар минь тамлахын оронд тэр үед гүйцээгээд буудчихгүй яав дээ гэж боддог. Дахиад хөлөө эмчлүүлэх, хагалгаанд орох боломжгүй гэсэн. Тайруулахаас өөр аргагүй болсон. 70 сая төгрөгөөр хагалгаанд орсны эцэст хөлөө тайруулах болчихлоо” гэлээ.

Долдугаар сарын 1-ний өдрийн хохирогчид Ерөнхийлөгч, АТГ, прокурорын байгууллагад шаардлага хүргүүлэх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn