Д.НАДМИД

Монгол гэрэл зурагчдын ахмад үеийн нэгэн төлөөлөл Л.Санжмятав хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Түүний энэ удаагийн үзэсгэлэн “Хот, хотынхон” нэртэй нийт 100 гэрэл зураг багтаасан юм билээ. Л.Санжмятав 60 жил гэрэл зураг авахдаа бусдад сургаж, өөрөө ч ихийг сурсан гэж байна лээ. Улаанбаатар төмөр замын “Найрамдлын зам” сониноос ажлын гараагаа эхэлж төвийн хэд хэдэн хэвлэлд ажилласны дотор “МОНЦАМЭ” агентлагт олон жил гэрэл зургийн сурвалжлагч байж. Үзэсгэлэнгийнх нь зургуудаас Монгол орны эрт, эдүгээгийн дүр төрх анхаарал татаж бас 1950-аад оны Улаанбаатарыг тольдож болох аж.  Улаанбаатар чинь ийм байсан юм уу гэхээр зургуудыг үзэхэд ёстой л гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэж энэ юм даа гэж бодогдом.

Л.Санжмятав

Мөн Улсын төв театрын тухайн үеийн жүжигчид, киноны зүтгэлтэн, зураач гээд ахмад үеийнхний ид урлан бүтээж, хөдөлмөрлөж байх цагийн зургууд олон юм. Хятад улсын тусламжтайгаар Энхтайваны гүүрийг ашиглалтад хүлээн авах үеийн зэрэг баримтат чухал зургууд ч байна. Зурагчин Л.Санжмятавын гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд урлаг соёлын зүтгэлтнүүд, зохиолчид киноны уран бүтээлчид, жүжигчид олноороо ирсэн байлаа.

1960-аад оны Улаанбаатар

Бүжигчид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин