Д.ОЮУН

МҮХАҮТанхим, Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банктай хамт­ран хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнхэнд зориулсан “Бизнесийн боломж” сэдэвт уул­залтыг өчигдөр зохион байгуулав. Уулзалтаар бизнес эрхлэгчид дээрх банкуудаас зарлагдсан төсөлд хэрхэн оролцох талаар ярилцсан юм. Тухайл­бал, Азийн хөгжлийн банк­наас зарлаж буй төсөлд оролцохын тулд зөвлөхийн менежментийн сис­темд бүртгүүлэх учиртай аж. Түүнчлэн тус байгууллагын сай­таас мэдээллээ нээлттэй, ил тодоор авч болохын зэрэгцээ тог­лоомын дүрмийг мэдэх шаардлагатайгаас гадна төслийн байршлыг ойлгох учиртайг АХБ-ны худалдан авалтын мэргэжилтэн Хиет Тхи Хонг Тран хэлэв. Тендерт оролцогчид гүйцэтгэлдээ анхаарал хандуулах учиртай юм байна. Бизнес эрхлэгч Нарангэрэл тус банкнаас зарласан тендерт оролцсон ч бүтэл­гүйтэж байсан тухайгаа хэлээд зөвлөх менежментийн системд бүртгүүлдэг шиг бараа үйлчилгээний ханган нийлүүлэгчээр бүртгүүлж болох эсэхийг тодруулсан. Харин албаны эх сурвалж “Зээлдэгчийн хувьд тендер зарладаг горимын дагуу оролцох бөгөөд бараа үйлчилгээний хувьд бүртгүүлэх шаардлагагүй. Харин АХБ-ны өөрийн худалдан авалт бий. Хэдийгээр бага хэмжээтэй ч түүнд бүртгүүлэн орол­цож болно” гэлээ. Энэ удаагийн уулзал­тад оролцогчдод тус банк­наас худалдан авах ажиллганааны төлөв­лөгөөг 18 сарын хугацааг хамар­сан байдлаар ил тод, нээлттэй байдаг учир мэдээллийг урьдчилан харж өөрт тохирох ажлыг сонгох боломжийн талаар ярилцсан юм. Дашрамд дурдахад, АХБ-наас 2020 он хүртэл гурван жилийн хугацаанд стратегийн төсөл хэрэгжиж байгаа ажээ.

Эх сурвалж: www.polit.mn