МАХН болон улс төрийн  гурван намын дарга нар өнгөрсөн баасан гариг /03.30/-нд хэвлэлийн хурал хийж, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах үндэслэлүүдээ зарласан. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад намын дарга нар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар  УИХ-ын дарга М.Энхболдтой уулзах хүсэлт гаргаж байгаа аж.

Уг хүсэлтэд “Сүүлийн үед “Оюу толгойн ХОГ”-тэй холбоотой асуудал олны анхаарлыг татаж энэхүү гэрээ Монгол Улсын ашиг сонирхолд нийцэж буй эсэх, Үндсэн хууль зөрчсөн эсэх, “Оюу толгойн орд” хэмээх томоохон ашигт малтмал нийт ард түмэндөгөөжөө ижил тэгш өгч буй эсэх зэрэг эргэлзээ нийгэмд давамгайлах боллоо. МАХН, МНН, ИЗНН, МҮАН нь “Оюу толгойн ХОГ” нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль, хууль тогтоомжийг зөрчсөн, Монголын талын ашиг сонирхолыг тусгаагүй, “Оюу толгойн орд”-ын өгөөжийг гадаад, дотоодын цөөн тооны олигархууд давуу эрхтэйгээр хүртэж, ард түмэн огт хүртэхгүй байна гэж үзэж байгаа учир энэхүү гэрээг нэн даруй цуцалж шинээр байгуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа бөгөөд бидний байр суурийг ард түмний дийлэнх олонхи нь дэмжиж байгаа болно.

Олон түмний анхаарал татсан энэ асуудлаар Улсын Их Хурал ямар байр суурь илэрхийлэхийг ард түмэн анхааралтай ажиглан хүлээж байна. Бид “Оюу толгой ХОГ”-г цуцлах асуудлаар Улсын Их Хурал болон түүний ажлын хэсэгт байр сууриа нарийвчлан танилцуулах шаардлагатай байгаа тул Тантай болон УИХ-ын ажлын хэсэгтэй яаралтай уулзах хүсэлт илэрхийлж байна” гэсэн байна.

УИХ-ын хаврын чуулганы нээлт дөрөвдүгээр сарын 5-нд болно. Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад намын дарга нарын энэ хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболд хүлээж авч, уулзах эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно гэсэн үг аж.

Эх сурвалж: www.polit.mn