Д.НАДМИД
БНСУ-д болсон ПёнЧаны өвлийн олимпийн наадмыг сурвалжилсан спортын гэрэл зурагчин Ч.Ганбат, “Өнөөдөр” сонины гэрэл зургийн сурвалжлагч Э.Харцага нар уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргажээ. Тэд үзэсгэлэндээ 200 гаруй зургийг 50 самбарт багтаан үзүүлсэн бөгөөд өвлийн олимпийн наадмын жинхэнэ төрх болон спортын торгон агшнуудыг харуулсан шилдэг зургуудаа толилуулж байна. Олимпийн наадмыг телевизээр зөндөө л үзсэн дээ. Гэтэл гэрэл зургаас харахад огт өөр таашаал төрж байна гэж үзэсгэлэнд ирсэн хүмүүс ярилцаж байв.
Зурагчин Б.Ганбат ярихдаа:
-Би дөрөв дэх олимпоо сурвалжилж байна. Тэр дотор өвлийн олимпоос зураг авна гэдэг асар их ур чадвар шаарддаг гэдгийг ухаарлаа. Спортын гэрэл зураг онцгой. Тэр дотор секунд биш долиор хэмжигдэх хурд хөдөлгөөнтэй уралдааны зураг авах нь ёстой авьяас шаарддаг. Тухайлбал 100-120 метр секундын хурдтай чарганы уралдаан бас уран гулгалтын агшныг гэрэл зурагт буулгана гээд бод доо. Гэхдээ бид багаар ажилласны дүнд зорилгоо биелүүлсэн гэв. Үзэсгэлэнгийн нээлтэд Биеийн тамир, спортын хороо, Олимпийн хороо болон спортын сэтгүүлчид, гэрэл зургийн холбоодын удирдлагууд ирсэн байлаа. Мөн БНСУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл оролцов.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин