Ч.Гантулга
“Ширээний ном” буландаа энэ удаад УДБЭТ-ын захирал асан Ч.Мөнхзулыг урилаа. Тэрээр одоо СУИС-ийн докторантурт суралцахын хажуугаар өмнө нь хамгаалж амжилгүй орхисон эрдмийн ажлаа үргэлжлүүлж байгаа гэнэ.
Ч.Мөнхзулын хувьд 2005 оноос хойш орчуулагч Б.Оргилын “Сувдан сондор” номыг ширээний номоор сонгожээ. 13 жилийн турш сэдэв санаа нь хуучраагүй энэ бүтээлд дэлхийн бүх улс орны сод ухаантан, эрдэмтэн мэргэд болон амжилттай яваа хүмүүсийн хэлсэн шилдэг үгийн цуглуулга бий. Тэрээр номныхоо тухай “Би тэр үед нэг кино зохиол бичиж байсан. Гол баатар маань өөрийнхөө сэтгэлийг ойлгуулахын тулд хүн бүхний хүлээн зөвшөөрөгдсөн нэг хүний үгнээс иш татах хэрэгтэй байлаа л даа. Тэр хэсгийг бичих гэж нэлээн удсан. Харин “Сувдан сондор” номыг хуучин номын худалдаанаас санамсаргүй олж харсан юм. Хуудсыг нь таамгаар дэлгэтэл яг гол баатрын маань иш татах ёстой тэр үг гараад ирсэнд их баярлаж билээ. Зохиолоо ч удалгүй дууссан” гэв. 400 гаруй хуудастай энэ номд үргэлжилсэн үгийн зохиол шиг биш, дэлхийн мэргэн ухаантнуудын философийг хуримтлуулсан байдаг учир заримдаа бодлоо цэгцлэхэд нь ч хэрэг болдог аж. Түүнээс “Ширээний ном” гэж ямар бүтээлийг хэлэх вэ гэж асуухад “Ширээн дээр байнга тавиатай ном биш. Чамд зөвлөгөө хэрэгтэй ч юм уу, үзэл бодлоо батлах, шинийг эрж хайх үед сэтгэлийн түгжээг чинь тайлахад тусладаг номыг хэлнэ” гэж хариулсан юм. Ч.Мөнхзул уран зохиолын номыг сэтгэлийн таашаал авахын тулд уншдаг гэсэн. Харин “Тунгалаг тамир”, “Алтайд” романыг хүүрнэл өгүүлэхүйн хувьд суралцах гэж эргүүлдэг бол Жюль Верний юм уу А.Дюмагийн романуудын орос хэл дээр хэвлэгдсэн орчуулгыг хэлээ давтах зорилготой уншдаг юм байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин