Х.ОЮУНБОЛД
Дэлхийн долоон тивийн ноён оргилд гарсан анхны монгол хүн МУГТ, ОУХМ Б.Гангаамаад зориулж гаргасан “Гангаамаа” сэдэвт шуудангийн маркийн нээлт боллоо.
Уг марканд Антарктидын Винсон массив /4897м/, Европ тивийн Эльбрус /5642 м/, Африк тивийн Килиманжора /5895м/, Хойд Америкийн Денали/6194 м/, Өмнөд Америкийн Аконкагуа /6962м/, Австрали ба Далайн Карстенз пирамид /4884 м/, Австралийн Косюско /2228 м/, Ази тивийн Эверест /8848 м/ ноён оргилууд, мөнх цаст Эверестийг давахаар нисч буй хос хун, түүний наана төрийн далбаагаа өргөн зогсох Б.Гангаамааг дүрсэлжээ. 2001 онд Монголын уулчдын холбооны 50 жилийг тохиолдуулан марк гаргаснаас хойш 17 жилийн дараа гаргаж буй энэ маркийн зураачаар Ч.Бат-Эрдэнэ, дизайнераар Ж.Ганхуяг нар ажилласан байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, Спортын газраас мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ. Нээлтэд Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, болон “Монолия- Икспедишнс” ХХК-ны захирал С.Алдархишиг нар оролцов.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин