Ч.ГАНТУЛГА

2012 онд Д.Сандагдорж зураачийн үзэсгэлэнд саатах боломж надад олдож байв. “Задрахуй 33” үзэсгэлэнд 33 өөр цэцэгс дэлгэрч байсан юм. Тухайн үед эрэгтэй хүн цэцэг зурдагт олзуурхаж бас гайхаж байснаа нуух юун. Харин уран бүтээлчийн урланд саатснаар түүний бүтээлүүдийг дахин өөр өнцгөөс харж, ярилцах боломж олдсон юм.

Тэрээр ихэнх цагийг гэртээ өнгөрүүлдэг. Учир нь гэртээ суугаад зурагаа зурахад илүү тохилог, тухтай байдаг тул нэг өрөөгөө урлан болгон тохижуулжээ. Түүнд бусад зураачаас ялгарах өөр нэг онцлог бий. Түүний зураг зурах сэдэв санаа цохилттой, доргио, хип хоп хөгжмөөс ундардаг аж. Гэхдээ тийм хөгжмийн аялгуу сэтгэлийг нь хөглөсөн гэхэд зураг нь эмх цэгцтэй, ойлгомжтой, энгийн байдаг нь давуу тал гэх.

 ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ БҮТЭЭЛДЭЭ МӨНХЛӨХИЙГ ХҮСДЭГ

 Түүний уран бүтээлд тод өнгө голлох. Ялангуяа, улаан цэнхэр өнгөөр зурагаа илэрхийлдэг. Түүний бүтээлээс “Эзэн Чингисийн өлгий хөх толбот Монгол мину”, “Үнэнч нөхөр”зураг сонирхол татсан юм. Эхний зурагт хүрэхэд товгор зүйл мэдрэгдсэн. Баримлын шавраар шаваад хатаачихсан ч юм шиг. Тэрээр энэ бүтээлийнхээ тухай “Монгол хүн бүхэн дахин давтагдашгүй толботой төрж, түүгээрээ бахархаж, эзэн Чингисийн удам хэмээн омогшдог. Тэр сэтгэл, омогшил зургийн хамгийн гол хэлэх гэсэн санаа” гэв. Харин хоёр дахь зургийн хувьд монгол хүний үнэнч нөхөр банхарыг дүрсэлжээ. Хот айлын үнэнч манаач болсон банхар нохой одоо цагт ихэд ховордсон. Харин зураач маань багадаа харж байсан монгол банхарыг төсөөлж, нохой зардаг дэлгүүрээр явж судалгаа хийснээр энэ зураг бүтсэн түүхтэй. Тэрээр “Банхарын нүд рүү хараад байгаарай. Би гадаад үзэмжнээс нь илүү дотоод хүчийг нь нүдээр нь илэрхийлэхийг хүссэн” гэж байв. Үнэхээр банхарын нүд хүний нүд ч юм шиг гэрэлтэж байх нь ажиглагдсан. Тэрээр уран бүтээлдээ ховордоод буй, хуучны зүйлсийг зургаараа мөнхлөхийг эрмэлздэг тухайгаа хэлсэн. Түүнээс онгод гэж байдаг уу гэж асуухад “Онгод байдагт итгэдэг. Нэг удаа үүрээр зүүдэндээ зургийнхаа санааг олж байсан. Тухайн зургийг нэг хүн захиалсан юм. Хэдэн өдөр бодоод ч олохгүй байсан санаа зүүдэнд орж ирнэ гэж хэн санахав. Өнөөх онгод гэдэг нь л тэр байх” гэсэн юм.

29197207_1918457581801621_7491356398056374272_n29137036_1918458101801569_2163555007599738880_n29186414_1918457858468260_3890849949058859008_n

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин