Т.САЙХАН
ЦЕГ-ын Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Э.Бөхбатаас автозамын нэгдүгээр эгнээгээр зорчих журмын талаар тодрууллаа.
-Нэгдүгээр эгнээгээр зорчих журам өөрчлөгдсөн үү. Энэ талаар тодруулахгүй юу?
-2012 онд НИТХ-ын хурлаар баталсан автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл зорчих журам хүчинтэй хэвээр байна. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бидний зүгээс нэгдүгээр эгнээгээр зорчиж байгаа тээврийн хэрэгсэлд тавьж буй хяналт нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Тиймээс иргэд цахим орчинд тархаж байгаа мэдээллээс үнэн зөвийг сонгож уншихыг зөвлөж байна.
-Журам хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө. Зөрчил хэр гардаг вэ?
-Энэ төрлийн зөрчил нэлээдгүй их гардаг. Хөдөлгөөнд оролцож байгаа олон мянган тээврийн хэрэгслүүд зам дээр зэрэгцээд явах юм бол замбараагүй нөхцөл байдал үүснэ. Үүнийг дагаад зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэх магадлалтай. Тэгэхээр хөдөлгөөний менежмент хийхгүй бол хүний амь нас эрсдэх, эд хөрөнгөөр хохирох гэх мэт асуудал гарна. Үүнээс урьдчилан сэргийлж хуулийн дагуу хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин