Ч.ЗОТОЛ
АН С.Эрдэнийн “Вант улс”-д эзлэгдлээ гэсэн мессэж дор элдэв хардлага дагуулсан тус намын ротаци нэртэй “хөл бөмбөгийн тоглолт” өчигдөр нээлтээ хийв. Намын дарга болохоор уу, эсвэл үнэхээр тийм зүйл болоод байна уу гэдгийн алин болохыг таашгүй. Үндсэндээ бол нам доторх бүлэг, фракциудаас хэн нь Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-д нөлөөгөө тогтоох вэ гэсэн өрсөлдөөн явж буй юм. Ингэснээр 2020 оны УИХ-ын болоод Орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх эрх бүхий нам дотор “нам” тодорно. Нэр дэвших эрхийг тэд л олгоно. Ингэхдээ давхар “такс”-тай байх нь ойлгомжтой. Орлого нь хаашаа орох нь ч тодорхой. АН шинэчлэгдэж, шинэчлэл нь улам ил тод, нээлттэй болж байна гэсэн гоё бөгөөд индэрийн үг шиг ямар ч өөгүй нэг өнгийн малгай дор харин ч тарж, бутарч буй юм биш үү гэх асуулт хөвөрч байна.
Ямартай ч АН одоогоос жилийн өмнө сунгаагаар тодруулсан ҮБХ-ны 410 гишүүнийхээ 123 мандат дээр сонгууль явуулахаа одоогоос долоо хоногийн өмнө албан ёсоор мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, ийм тооны гишүүд намдаа жийгдсэн гэсэн үг. Тэдний зарим нь хэвлэлээр байр сууриа янз бүрээр илэрхийлж эхэлсэн. Харин намын удирдлагууд ҮБХ-ны гишүүн гээд “Хүндэт самбарт мөнхөлчихсөн юм биш”, нэг тойрогт гурван гишүүн л байгаа. Жилийн эцэст хэн муу ажилласан нь хасагдах журмаар явна. Энэ нь аливаа байгууллага жилийн эцэст ажлаа дүгнэдэгтэй л адил үйл явц. Шалгаруулалтаар аль муу ажилласан нь хасагдаж байгаа юм” хэмээн тайлбарлаж буй. Муугаар хэлбэл, жилд төлөх ёстой гурван сая төгрөгийн татвараа төлөхгүй пээдийж байгаа, түүнчлэн анхан, дунд шатныхаа гишүүдийг сонсдоггүй тасарчихсан ҮБХ-ны гишүүд “тахимаа” өгч буй гэнэ.
“Жийгдсэн” эрхмүүдийн орон гарсан тойрогт ҮБХ-ны гишүүнээр нэр дэвшигчдийг өчигдөр зарлаж, үнэмлэхийг нь гардуулснаар АН өчигдөр Ротацийн сонгуулийнхаа хөшгийг сөхөв. Өчигдрөөс эхлэн 23 хоног нэр дэвшигчид сурталчилгаагаа явуулна. Эцсийн дүнг санал хураалтаар шийдвэрлэнэ.
НАМДАА “ЖИЙГДЭГСЭД”
Тойрогтоо муу ажилласан гэсэн үнэлгээ авсан, анхан дунд шатны гишүүдээ үл тоон “пээдийсэн”-ээр ҮБХ-ноос хасагдахад хүрсэн 123 гишүүн байгаа. Түүний дотор Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Ч.Сайханбилэг, Х.Тэмжүүжин, Д.Дорлигжав, Да.Ганболд, Б.Болор нарын нэр дуулдаж буй. Тэгвэл Д.Дорлигжав, Б.Болор, Ч.Сайханбилэг нараас бусад нь ҮБХ-ны сонгуульд шинээр нэр дэвшсэнгүй. Тодруулбал, шинээр нэр дэвшигчдийн дунд цөөхөн хүн л нэрээ дэвшүүлжээ. Тухайлбал, Б.Болор Архангайн тойрогт, Д.Дорлигжав Увсад, Ч.Сайханбилэг Баянзүрх дүүрэгт ҮБХ-ны гишүүнээр дахин нэр дэвшжээ. Тэгвэл өмнө нь ҮЗХ-ны гишүүн байсан УИХ-ын гишүүн асан А.Бакей, ТӨХ-ны Цахилгаан түгээх сүлжээний дарга асан Т.Төмөрхүү нар шинээр ҮБХ-ны гишүүнээр шинээр нэр дэвшжээ.
123 МАНДАТЫН ТӨЛӨӨ 143 ХҮН ӨРСӨЛДӨНӨ
АН-ын ротацийн сонгуульд 123 мандатын төлөө 143 хүн нэр дэвшихээр бүртгүүлж мандатаа гардаж аваад байна. Тэдний дотор нөгөөх жагсаалтаас хасагдсан эрхмүүд багтсан байх юм. Тухайлбал, Б.Болор, Д.Дорлигжав, Ч.Сайханбилэг нар шинээр нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлж байна. Харин Э.Бат-Үүл, Р.Амаржаргал нарыг хүсэлтээ ирүүлээгүй гэж АН мэдээлэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин