МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхимийн багш Э.АЛТАНБОЛД

 Хорго уул нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршдог. Энэ уул нь маш сайн хадгалагдсан галт уулын тогоотой, тогооны диаметр 500 метр, тогооны өндөр 100 метр, хажуугийн налуу 45 хэмд байна. Галт уул­наас оргилсон хүрмэн чулуу­ны урсгал урагшаа чиглэлтэйгээр Суман гол руу цүлхийн хааж, улмаар Тэрхийн голын урсацыг хааснаар Тэрхийн Цагаан нуурыг үүсгэсэн гэж үздэг (Ш.Цэгмид, 1969). Хүрмэн чулуунаас бүрдсэн тавцангийн гадарга нь давалгаа, долгио маягийн хэлбэртэй. Зүүн хэсгээрээ галт уулын төрөл бү­рийн материалаар хучигд­сан. Галт уулын бөмбөг нь янз бүрийн хэм­жээтэй, нуурын ойрол­цоо оршдог хүрмэн чулуу нь нүх сүвэрхэг тогтоц­той. Өгөршлийн үр дүнд эвдэрч бутарсан хүрмэн чулуугаар хүмүүс Тэрхийн Цагаан нуурын эрэгт байрлах чулуун овоолгуудыг хийсэн нь нуурыг улам үзэсгэлэнтэй харагдуулдаг. Хорго уулын өмнөд хэсгийн хүрмэн чулууны зузаан 40-50 метр царцсан (З.Мөнхөө, 1978). Царцсан хүрмэн чулууны дундуур Суман гол зүсч урссан ба 20-30 метр хавцлыг бий болгожээ.

7-2

Хорго орчмын унтар­сан галт уулсын тогооны байрлалууд нь бараг нэг шугаманд байрлаж байгаа нь энд тектоникийн хагарал байгааг нотолдог. Гүний хагарал газрын гадаргын морфологийн элемент ба төрөл бүрийн маг­мын чулуулгаар тэм­дэг­лэгдсэн байна. (Ж.Бямба, 2012). Хангайн өргөгдлийн гүний тогто­цоос Тариатын галт уу­лын идэвхжлийн үеийн царцдасын зузаан ойрол­цоогоор 45 км байсан нь локал шинжтэй хагар­лын дагуу магм ха­луун цэгийн урсгалын нөлөө­гөөр хагарлын дагуу дөрөв­дөгчийн цаг үед бялхах гол нөхцлийг бүрдүүлжээ.

Лаавын тавцангийн хэмжээнд лаавын агуй, хөндий зэрэг хэлбэрүүд үүссэн байна. Лаавын урс­гал нь гаднаасаа царцаж хатуурдаг ба хатуурсан хэсэг цөмөрч, сэтэрсэн тохиолдолд лаавын царцаагүй хэсэг дороос нь бялхан гарч ирнэ. Ингэж царцсан лаавын дагуу агуй, хөндийнүүд буюу микро хэлбэрүүд үүсдэг (Уламбадрах, 2014). Хорго уулаас урагш зургаан км орчимд Суман голын зүүн талд Тариат сумын төвөөс баруун урагш гурав орчим км зайтай газарт ийм хэлбэрүүд тодорхой ялгагддаг (нутгийн ир­гэд шар нохойн там, чу­луун гэр зэргээр нэр­лэсэн). Хорго уулын мор­фологийн хэлбэрийг гаргахын тулд талбайн хэмжээнд тархсан хүр­мэн чулууны ислийн үр дүн, топо, фото, санс­рын зураг, жишиг вулканы морфометрийн үзүүлэлтүүдийг харьцуу­лан Хорго уул нь суурилаг лаавын бялхалтын явцад үүсэх лаавын өргөгдөл гэх хэлбэр байна. Харин монголчуудын нийтлэг хэрэглээнд Хоргын тогоо л гэсэн ойлголттой байсаар байна. Судалгааны шинэ­лэг тал, ач холбогдол нь су­дал­гааны үр дүнг аялал жуулчлал, танин мэдэхүйн салбарт ашиглах нь геологи, газарзүйн шинж­лэх ухааны ач холбогдлыг нэмэгдүүлж өгнө. Магмын урсгалтай холбоотойгоор үүсэх газрын ховор эле­мен­тийг олборлох (Шаварын царам), барил­гын материалд хүрмэн ба уушгин чулууг үйлдвэрлэлийн аргаар ашиглах нь эдийн засгийн ач холбогдолтой. Лаавын чулуулаг бүхий хөрсөнд тархсан эмийн ургамлын (Т.Содной, 1994) төрөл зүйлийг ашиглах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой. Суман гол нь Тэрхийн Цагаан нуураас эх авч урсах 1.5-2 км-т өвөл хөлддөггүй. Усны тэжээл сайтай, урсгалын эрчим ихтэй учир усан цахилгаан станц (Ж.Цэрэнсодном, 1964) барьж ашиглах боломжтой билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин