Ч.Гантулга
Энэ удаагийн “Ширээний ном” буландаа Соёлын тэргүүний ажилтан, дуучин С.Сэрчмааг урьсан юм. Тэрээр “Хүүхэд ба Та” номыг шимтэн уншдаг юм байна.
“Ширээний ном” буландаа ном уншихын ач тусыг мэдэрсэн, номтой нөхөрлөдөг, ажил амьдралдаа хэвшүүлсэн хүмүүсийг урьдаг билээ. Энэ удаагийн зочин маань ч багаасаа ном унших дуртай, өөрийгөө зохиолын гол баатар мэтээр төсөөлдөг байсан тухайгаа дурссан юм. Тэрээр “Амьдралын олон өнгийг таньж, тодорхой цаг үетэй нүүр тулах бүрт унших сэдэв, сонгох ном өөрчлөгддөг. Би ч ялгаагүй жаахан байхдаа үлгэр, уран зохиолын ном уншдаг байсан бол ажил мэргэжил эзэмшиж, нийгэмд өөрийн байр сууриа олсны дараа арай өөр сэдвийг сонирхох болсон. Харин сүүлийн жилүүдэд “Хүүхэд ба Та” номыг ширээний номоор сонгоод байна” гэсэн юм. Энэ номыг Монголын “Сэтгэл судлалын сургалт судалгааны хөгжлийн төв”-өөс эрхлэн гаргасан аж. Дуучин бүсгүй ээж болсон үеэсээ энэ номтой нөхөрлөсөн бөгөөд “Ээж хүний ширээн дээр заавал байх ёстой ном. Хүүхэд нас, насныхаа онцлогоос шалтгаалаад зан араншин нь тогтворгүй байдаг. Миний хувьд энэ номыг судалснаар хүүхэдтэйгээ ямар насанд нь хэрхэн харилцах, яаж ойлголцох вэ гээд олон талын мэдлэгтэй болсон. Тиймээс энэ ном намайг ээж хүний хувьд бүрэн өөрчилсөн” гэсэн юм. Мөн “Зарим эцэг эх хүүхэдтэйгээ зөв харьцаж чадахгүй байна. Юм хийлгэхдээ хүчээр айлгаж сүрдүүлэх жишээтэй. Хэрэв энэ номыг уншвал хүүхдээ илүү ойлгож, тэдэнтэй зөв харьцахад дөхөм болно. Миний хүүхэд ч энэ номоор хүмүүжиж байна” гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин