УИХ-ын намрын чуулган завсарлаж, улс төрийн хүрээнд нам жимхэн долоо хоног өндөрлөлөө. Харин шүлхийн асуудал нэмэгдэж, ТЕГ-ын хэмжээнд шалгаж эхлэв. Ийнхүү өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ж.Батзандан С.Баяр хариу өгөв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, Ерөнхий сайд асан С.Баярын захидалд хариу өглөө. Тэрээр “Ерөнхий сайд асан С.Баяр одоогоор Англи улсад Элчин сайдаар ажиллаж байгаа. Гэхдээ сонгуулиар Монголд ирж, МАН-ын сонгуулийг удирддаг. Энэ хүн надад нилээн гомдож, сар шинийн өмнө захидал бичсэн байсан. Энэ захидлын төгсгөлд эрлэгийн үүдэнд уулзах уу гэсэн утга бүхий юм бичсэн байсан. Би залуу хүн, тантай хамт эрлэг рүү явах болоогүй байна. Та яарч байгаа бол өөрөө явж болно. Энэ асуудлаар намайг шүүхэд өгсөн байсан. Гэтэл 51 хувийг барьцаанд тавих гэрээ С.Баярыг Ерөнхий сайд байхад хийгдсэн байдаг. С.Баяр 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 2009 оны аравдугаар сарын 9-ний өдөр хүртэлх хугацаанд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан. Харин ”’Жаст” групп ”Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, ”Стандарт” банктай 2009 оны долдугаар сард гэрээ байгуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 38.1-т “Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Эдийн засаг, төрийн өмчийг удирдан зохион байгуулах үндсэн эрх, үүрэгтэй” гэж заасан байдаг. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавих асуудалд Ерөнхий сайд нь оролцоогүй, мэдэхгүй байж болох уу. Би Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газраас хууль хэрэгжүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлыг хууль бус эсэхийг шалгах хүсэлт гаргасан. Ингэлээ гээд тэр хүн хуулийн байгууллагаар явбал явна биз. Би ч бас холбогдох газарт нь хандана” гэсэн юм.
Х.Нямбаатар:“Эрдэнэт” үйлдвэр өндөр эрсдэл хүлээх магадлалтай байна

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Л.Энхболд тэргүүтэй гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Стандарт банкинд барьцаанд тавьсан асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Асуулгын хариуг Засгийн газраас өгсөн бөгөөд энэ талаараа гишүүд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид “Эрдэнэт”үйлдвэрийн асуудлаар Засгийн газраас тодорхой хариулт авахыг хүссэн. Зарим асуудлаар АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул тодорхой хариулт өгөх боломжгүй гэсэн хариулт өгсөн байна. “Эрдэнэт” үйлдвэр нэгэнт баталгаа гаргаж өгсөн нь тодорхой, түүнийг нь төлөх нь ч тодорхой. Зээлийн хүү өдөрт 800-900 ам.доллараар өсч байгаа. Жастын Ш.Батхүүгийн зээлсэн мөнгийг “Эрдэнэт” -ийн дансаар дамжуулсан. “Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх удирдлага 10 сая ам.доллар хүртэлх тоон баримтад гарын үсэг зурах эрхтэй. Үүнээс дээш бол ТУЗ-ийн зөвшөөрлийг авах ёстой. Гэтэл тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага ТУЗ-өөсөө зөвшөөрөл аваагүй байна. Тиймээс яаралтай арга хэмжээ авахгүй бол “Эрдэнэт” үйлдвэрт өндөр эрсдэл хүлээхээр байгааг анхаарах хэрэгтэй. Энэ хэрэг таван жилийн өмнө үүссэн ч Эрүүгийн хэрэг өнөөг хүртэл яагаад шийдэгдэхгүй байна. Ш.Батхүү, Ч.Ганзориг нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байгаа юм биш үү гэсэн болгоомжлол байна” гэв.
Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын 23 дугаар тогтоол нь хууль зөрчөөгүй гэв

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцсэн юм.
Хуралдаан гурван цаг хагас үргэлжилсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх УИХ-ын тогтоол хуулийг зөрчөөгүйг тогтоов. Учир нь “Монгол зэс” корпорац 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэхгүй үзсэн юм. Хуралдаанд мэдээлэл гаргагчаар иргэн Р.Очирбал, Ж.Онон, Ч.Жадамба, Н.Нямжаргал нар оролцсрон бөгөөд тэд “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн дараах заалтыг зөрчсөн гэжээ.
Оффшорчид мэдүүлэг өгч эхэлжээ

АТГ-аас төрийн зарим өндөр албан тушаалтнууд оффшор хөрөнгөө мэдүүлсэн талаар мэдээлэл өглөө. Тэд “Оффшор бүс дэхь хөрөнгөө мэдүүлэх хугацаа ирэх дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дуусна. Хуулийн дагуу УИХ-ын хоёр гишүүн, Монгол банкны нэг албан тушаалтан өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж, борлуулсан тухай мэдүүлсэн. УИХ-ын нэг гишүүний Сингапурт суралцдаг хамаарал бүхий этгээд, Швейцарийн холбооны улсад суугаа ЭСЯ, НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгт суугаа ЕКГ, Сингапур дахь ЭСЯ-нд ажиллаж байгаа 11 албан тушаалтан, Гаалийн ерөнхий газар, АТГ-ын тус бүр 1 албан тушаалтны хамаарал бүхий этгээд Хонконг, Ирландад ажиллаж амьдарч байгаа тул банканд данс эзэмшиж байгаа талаар мэдэгдсэн. Нийт 17 албан тушаалтан хамаарал бүхий этгээдүүдийн оффшор бүсэд бүртгэлтэй данс, аж ахуйн нэгжийн талаар мэдүүлж, мэдэгдсэн байна” гэв. Тэгвэл оффшор хөрөнгөө мэдүүлсэн гишүүд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нар гэдгийг эх сурвалж хэллээ.
Түүхий нүүрсийг хориглоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2019 оны тавдугаар сарын 15-аас хойш нүүрс түлэхийг хориглох тогтоол гаргав. Ингэхдээ Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул , Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглов. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт нийлүүлэлт болон үнийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж, 2018 оны долдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар тус тус даалгав.
Шүлхийн асуудлыг тагнуулын байгууллага шалгаж эхлэв

Булган, Төв, Өвөрхангай аймгийн зарим сумдад малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан уг өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын орлогч даргын 2018 оны 05 дугаар тушаалаар томилогдсон шуурхай бүлэг орон нутагт ажиллалаа.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Булган, Өвөрхангай аймгийн Бүрд сумдын нөхцөл байдалтай танилцаж үүрэг чиглэл өгсөн юм.
Тэрбээр сүүлийн үеүдэд эрчээ аван тархсан шүлхий өвчний цаад шалтгааныг нь тодруулах, өвчний гарал үүслийг нарийвчлан тогтоох үүргийг цагдаа болон тагнуулын байгууллагын алба хаагчдад өгсөн нь олны анхаарлыг багагүй татав.
Бүх музей 8-ныг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ
БСШУСЯ-аас “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд орон даяар музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэлсэн юм.
Соёлын биет өвд тулгуурлан хүүхэд, залууст монгол ахуй, өв соёлыг өвлүүлэх, эх оронч үзэл төлөвшүүлэх, нийгмийн хөгжилд музейн оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор жил бүрийн гуравдугаар сарын эхний эхний хоногт “Музейн нээлттэй өдрүүд”-ийг зохион байгуулж хэвшүүлэхээр БСШУС-ын сайд шийдвэрлэжээ.
Эх сурвалж:www.polit.mn