Ч.ЗОТОЛ
МАХН-аас Бүгд Найрамдах Монгол Улсын Шинэ Дээд Үндсэн хуулийг батлах санал асуулгыг Эх орончдын өдрийг тохиолдуулан орон даяар эхлүүллээ. Нээлтийн ёслолд 21 аймаг, есөн дүүргээс улс орны салбар бүрийн төлөөлөл, Монгол Улсаа хөгжил дэвшлийн замд түүчээлж ирсэн Хөдөлмөрийн баатрууд оролцож хуулийн төслийг зөвшөөрөн гарын үсэг зурж батламжаа гардан авсан юм.
Монголын Хүүхдийн ордонд болсон нээлтийн ёслолыг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга нээж үг хэллээ. Тэрээр Монголын ууган улс төрийн хүчний 97 жилийн ойн мэндийг дэвшүүлээд, одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр МАХН-ын дарга Н.Энхбаяр энэхүү өдрийг нэг намын бус Монголын нийт эх орончдын өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэр гаргуулж байсныг онцлон тэмдэглэв. МАХН ийнхүү улс орны, нийт ард түмний эрх ашгийн төлөө, зөв гарц, гаргалгааг гаргаж ирсэн. Түүний нэг нь эрдэмтэн, судлаачдын хамт боловсруулан орон даяар хэлэлцүүлж, өдгөө ард түмнээрээ батлуулахаар санал асуулгыг эхлүүлж буй Шинэ Дээд Үндсэн хууль болохыг тэрээр хэлээд нийтээрээ дэмжиж оролцохыг уриаллаа.
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр орон даяар эхлүүлж буй Шинэ Дээд Үндсэн хуулийг батлах санал асуулгын нээлтэд “Бүгд Найрамдах Монгол Улсын Шинэ Дээд Үндсэн хууль ба Монгол Улсын тусгаар тогтнол-Ард түмэн бол бурхан юм” сэдэвт илтгэл тавьсан юм. Тэрээр “Өнөөдөр монголчуудын тулгамдсан асуудал нь байгалийн баялаг цөөн хүний гарт орж, оффшорт их хэмжээний мөнгө байршиж, жирийн ард түмэн алтан дээр сандайлсан гуйлгачин хэмээн дуудуулж, ядуу тарчиг амьдарч байна. Оюутолгой гаднын мэдэлд очиж, ард түмэнд ашиг ирээгүй. Монголд хамгийн өндөр цалинг гаднынхан авч жирийн иргэд цалин, орлого багатай амьдарч байна. Гадаадад гарсан залуус айл нүүлгэн зөөх, аяга таваг угаах гэх мэт хар бор ажил хийж яваа. Эмч, багш нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байна. Ажил хаяхаа ч мэдэгдэх болов. Тэднийг шүүмжлэх аргагүй. Гадаадад ажиллаж, амьдарч яваа залуусаа ч буруутгах аргагүй. Өнөөдөр Монголд өндөр боловсрол үнэгүйдсэн. Улсын хэмжээнд 100 гаруй их, дээд сургууль байгаа ч сургалт чанаргүй болжээ. Эрүүл мэнд, боловсролын асуудал хүнд байна. Ипотекийн зээл олгоно, орон сууцжуулна гэж байгаа ч түүнийг дор хаяж нэг сая төгрөгийн цалинтай хүн авах боломжтой. Гэтэл 500-600 төгрөгийн цалин авч ар гэр, амьдралаа авч явах гэж ядаж буй хүмүүс тийшээ орж чадахгүй. Иймээс гэр хороололд утаа гаргаж суухаас өөр арга алга. Энэ бүхнийг өөрчлөхөд Үндсэн хуулийн өөрчлөлт зайлшгүй хэрэгтэй юм. Үндсэн хуулийг сайн, муу хууль гэж дотор нь хувааж үзвэл, ард түмнээ нэгдүгээрт тавьсан хууль л сайн. Хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан нь муу хууль юм. Хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Үндсэн хууль маань хувь хүн, компанийн эрх ашгийг нэгдүгээрт, тавьж төрд шургалсан хүмүүс өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ард түмнээ хаячихсан. Иймд хүн төвтэй нийгмийг байгуулъя. Хяналт, хариуцлагыг бий болгоё. Монгол төрийг ард түмнээс хараат болгоё. Үүний тулд Үндсэн хуулиа өөрчилье. Төрийн сүлд өршөө гэхийн оронд ард түмэн минь өршөө гэж залбирдаг болъё. Ард түмэн бол бурхан юм” гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр илтгэлдээ дурдав. Шинэ дээд Үндсэн хуулийг батлах санал асуулгад оролцсон Хөдөлмөрийн баатруудын төлөөлөл “Бид эх орныхоо хөгжил, дэвшлийн төлөө зүтгэж ирсэн. Бидний бодож, санаж ирсэн зүйлүүд МАХН-ын дэвшүүлж буй хуулийн төсөлд бүрэн шингэсэн байгаа тул дэмжиж байна” гэсэн бол нийгмийн салбар бүрийн төлөөлөл хуулийн төслийг батлуулах хөдөлгөөн өрнүүлнэ гэв.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин