А.ЦЭРЭНДОРЖ
Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатараас оюутан цэргийн бүртгэлийн талаар тодрууллаа.
-Энэ жилийн тухайд “Оюутан цэрэг” хөтөлбөрийн онцлог юу байх вэ?
- Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоол гарч, оюутан цэрэг элсүүлэх журам батлагдсан. Энэ дагуу нэгдүгээр курст суралцаж байгаа 18 нас хүрсэн суралцагч энэ хөтөлбөрт хамрагдаж болно. Мөн оюутны голч дүн 2.8-аас дээш байна гэсэн заалттай. Бүртгэл маргаашнаас эхэлж, энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Эрүүл мэндийн үзлэг болон биеийн тамирын шалгалт авч хөтөлбөрт тэнцүүлнэ. Үүний дараагаар зургаан их, дээд сургуульд амралтын хоёр өдөр сургалт явуулна. Дөрөвдүгээр сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл танхимын сургалт, зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл хоёрдугаар шат буюу хээрийн бэлтгэлд гарна.
-Нэг жил хэдэн оюутан хамруулах вэ?
-Батлан хамгаалах яамны сайдын тушаалаар жилд 1000 оюутан алба хаадаг. Тухайн оюутан сургуулийнхаа сургалтын албанд бүртгүүлнэ. Сургалтын албаны тодорхойлолт дүүргүүдэд очдог. Тухайн сургуулийн байрладаг дүүрэгт хандана гэдгийг анхаарах хэрэгтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин