Д.ЦЭДЭВ
Монголын Үндэсний бөхийн дүрэмд “Сэргээш болон түүнтэй адилтгах эм бэлдмэл хэрэглэхийг цээрлэнэ”, Энэ цээрийг зөрчвөл холбогдох зардлыг төлүүлэн, цолыг хурааж барилдах эрхийг 1-2 жилээр хасна гэсэн сүрхий тодорхой заалт байдаг юм билээ.
Гэтэл МҮБХ зарим үед заалтаа зөрчдөг нь элбэг байгаа санагддаг. Тус холбооноос допингтой тэмцэж эхэлсэн богиновтор түүхэнд гэхэд сэргээшийн шинжилгээнд унасан эдгээр бөхөд ямар ч шийтгэл, хүлээлгэж чадаагүй баримтууд бий. Тухайлбал одоогийн дархан аварга А.Сүхбатыг допингийн шинжилгээнд уналаа л гэсэн. А.Сүхбат “үгүй” гэж тэрсэлдээд өнгөрсөн. Тэгвэл дараа нь улсын арслан Х.Мөнхбаатарыг зарлаадахсан. Гэтэл арслан МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн өөдөөс яг тэр допинг илэрсэн гэж зарласан хэвлэлийн хурал дээр
-Нөхөр тэргүүн та намайг хүүгээ заан болгож өг гэж олон сая төгрөг амласан удаатай. Би түүнийг нь зөвшөөрөөгүй болохоор хариугаа авч байна гэж үгийн “өчих мэх” хийсэн удаатай. Ингээд яаж ч чадалгүй өнгөрсөн. Сураг нь арслангийн тэр жилийн наадамд нэмсэн чимгийг нь хураасан гэсэн. Бас тэр нөмөр нөөлөг дор Б.Сугаржаргалын цолыг хураагаагүй завшуулсан. Сүүлд Б.Суманчулууны улсын начин цолыг хураасан хэрнээ хамтдаа допингийн шинжилгээнд унасан нөхдүүдийг зүгээр үлдээсэн ийм алаг цоог түүх байдаг. Тийм бол одоо таван бөхөд допинг илэрсэн гээд байна. Үнэн л бололтой. Гэтэл МҮБХ-ныхон зарлах болоогүй л гэх. Дараа сарын 20-нд л тодорхой болно. Сорьцынхоо дүнг уг бөхчүүд гар дээрээ авсан гэжээ. Ингэж хойшлуулсаар байгаа нь олон янзын хардлага төрүүлж байна. Одоогоор таван бөх гэж байгаа ч сар юм уу хоёр сарын дараа нэг, хоёрхон бөхийн нэрийг дуудаж мэднэ. Үүний дараа таван бөх яагаад цөөрөв гээд хэл ам болно. Зарим нь мөнгө төлөөд нэрээ хасуулна гээд ч ярьж магадгүй. Юм юм болно, сая харахгүй юу. Сар шинийн барилдаанд барилдаагүй томхон цолтнуудыг допинг-д хамруулж хардаж ярьсан байгаа юм. Допингод нэр холбогдсон бөхчүүд өөрсдөө үгүйсгэж байна гэж гээд л сонинд бичигдсэн байв. Нэр цохож зарлаагүй гэж байхад хэн хэнээс асуугаадахсан байх вэ? Ингэж цаг алдаж алгуурлах нь элдэв худал үнэн яриа дэгдэх хэн нэгний нэр хүнд ч халтай санагдаж байна шүү дээ.
Эх сурвалж : "Зууны мэдээ" сонин