Д.НАДМИД
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, БТСГ-ын спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний алба, “Допингийн эсрэг үндэсний байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав. ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комиссын нарийн бичгийн дарга С.Уянга уг төслийн зорилтыг тодорхойлж хэлэхдээ “Тамирчны эрүүл мэнд, нэр төрийг хамгаалах, спортод шударга өрсөлдөөн бий болгох явдал, үүний тулд допинг хэрэглэсэн тамирчныг шийтгэх нь гол биш урьдчилан сэргийлэх, мэдээллээр хангахад чиглэгдэж байгаа юм” гэлээ.
Төслийн явцад допингийн чиглэлээр ажиллах 20 мэргэжилтэн болон таван эмчийг бэлтгэн гаргах ажээ. Энэ үеэр Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны их эмч Ч.Насанбатаас допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдсон бөхчүүдийн нэрийг хэзээ зарлах вэ гэхэд “Өнгөрсөн оны намраас хойш гол барилдаануудын үеэр 35 бөхөөс допингийн шинжилгээ авсан. Тэднээс таван бөхийн сорьцоос допинг илэрсэн гэдэг нь үнэн. Харин төрийн байгууллагыг төлөөлдөг учир би зарлах эрхгүй. Маргааш МҮБХ мэдээлэл хийх юм билээ” гэв. Мөн тэрээр “Улсын цолтой ч бий, аймгийн цолтой нь ч бий” гэсэн юм.
Эх сурвалж: " Зууны мэдээ" сонин