Хургачин хүү бэлчээрт. Өндөр уулын жавартай цэнгэг агаарт хурганууд цовоо цолгиун, өнгө зүс цэвцийсэн цагаан. Тэнгэр өнөөдөр салхи шуургагүй цэлмэг тогтуун. Цаст тэнгэрийн эрх чөлөө мэдрэгдэнэ. Зураачийн бадрангуй оргилуун дүрслэл. Уламжлалт реализмаас ялгарах торгон шигтгээ арай л өөр гялтганана. Хөвүүн үстэй дээлээ сугалдаргалжээ. Түвд малчид ууландаа дээлээ байнга ингэж өмсч явах юм. Өндөр газарт ч гэлээ бие нь явдалдаа халууцдаг болов уу. Жаал хүү зүгээр ч үгүй эр хүний хугархай гэсэндээ бүсэндээ өөртөө таарсан хэт хутгатай. Хуй нь гоёмсог угалзан хээтэй. Шилбүүрийн оронд өнгө бүрийн даавуу сүлжиж хийсэн нарийн хуйв барьжээ. Зүүн гарын бугуйндаа мөнгөн бугуйвч зүүчихэж. Түвд хүмүүс гоёл эдлэл хэрэглэлээ алт мөнгө, шүр, сувд, хув, танаар хийдэг болохоор нэлээн хүнд нүсэр талдаа. Хүүгийн үстэй бойтгон гутал тун хөөрхөн. Сарлагийн шарын нурууны зузаан ширээр улалж бөхөлсөн хонины нэхий гутал. Уул хаданд явахад ажрахгүй. Урин цаг наашилжээ. Энэ жилийн эхний төл мэнд бойжоод сүрхий том болцгоосон байна. Хятадад 1962 онд төрсөн орчин цагийн зураач Мэй Дуншэн Түвд орны тухай өнгөлөг өөдрөг сэтгэгдэлтэй цуврал зураг зуржээ. Тэдгээрээс үзсэн бидний аз гийлээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин