М.БААСАНДЭЛГЭР
Үндэсний Батлан хамгаалахын их сургуульд жолооны шалгалтын 200 асуултыг Хятад, Солонгос, Япон, Орос, Англи хэл дээр хөрвүүлж, хамтран ажиллах хүсэлтийг албан бичгээр хүргүүлснээр гадаадын иргэдээс жолоодох эрхийн цахим шалгалт авах боломжтой бүрджээ.
Жолоодох эрхийн үнэмлэх олгох журмын 3.1.3 дахь хэсэгт заасан “Эрүүл мэндийн хуудас”-ыг Эрүүл мэндийн болон цагдаагийн байгууллагын цахим хуудасыг иргэд татан авах боломжтой. Тээврийн хэрэгсэл жолоодох, ангилал ахиулах шалгалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрмийн 10 асуулт бүхий тестийн шалгалтыг “Дүнжингарав” худалдааны төв дэх “Иргэдэд үйлчлэх төв”-ийн танхимд цахим хэлбэрээр авч байна.
Мэргэжил хяналтын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Галбадрах, төвийн мэдээлэл технологийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Пүрэвдорж нарын санаачлагаар жолоочийн бүртгэлийн санг бэлэн бус торгуулийн мэдээллийн сантай холбох ажлыг “Интерактив Би Ай” компанийн инженер техникийн ажилтан гүйцэтгэжээ. Иргэд тус төвөөс үйлчилгээ авахдаа зөрчлийн шийтгэлийн торгуулийг төлсний дараагаар үйлчилгээ авахаар зохицуулалт хийж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин