XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярыг тохиолдуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга, удирдлагууд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өчигдөр ахмадуудыг Налайх дүүргийн соёлын төв өргөөнд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн уулзалтад 2000 орчим хүн оролцов. Уурхайчдын өлгий болсон Налайх дүүрэг нь орон нутгаас шилжин ирсэн олон оршин суугчтай. Мөн залуу насандаа ажиллаж, хөдөлмөрлөж байсан байгууллага нь татан буугдсан олон ахмадтай тул дүүргийн Засаг дарга болон нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран “харъяалалгүй” гэх тодотголыг бий болгож тэднийгээ жил бүр баяр, ёслолын үеэр хүлээн авч уулздаг уламжлалтай болжээ. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Нийслэлийнхээ хөгжил цэцэглэлт хийгээд иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчныг цогцлооход анхаарч, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын олон ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Иргэд та бүхний санаачлага, идэвхтэй оролцоо хөдөлгөгч хүч болж байсныг бахархан хэлье” гэв. Мөн тэрээр хөрөнгө мөнгөнөөс илүүтэй итгэлцэл, иргэд оршин суугчид, төрийн албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн оролцоо, санаачлага, хариуцлагад тулгуурласан олон ажлууд гарц шийдлээ хүлээж байна.
[caption id="attachment_48713" align="aligncenter" width="750"]
ТҮК ТӨХК-ийн 22 ажилтан өөрийн гэсэн эзэмшлийн болон өмчилсөн газар, гэр оронгүй, аж амьдралын хувьд хэцүүхэн байдаг тул дүүргээс хашааны газар олгож өгөхийг хүсчээ.[/caption]
Налайх дүүргийн хувьд энэ онд Гачуурт, Улиастайн уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын ажлыг эхлүүлэх, Барилгын материал үйлдвэр технологийн паркийн ажлыг эрчимжүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр 1, 3 дугаар хороонд хүүхдийн цэцэрлэг барих зэрэг бүтээн байгуулалтын ажил хийгдэх болно гэлээ. Ирж буй нохой жилдээ Налайхчууд та бүхэн маань төрөлх хот, дүүргийнхээ хөгжил дэвшлийн төлөө олон түмнээрээ хичээн зүтгэсэн, ирээдүйн хөгжлийн суурийг бэхжүүлсэн жил байх болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
109 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН СУРАГЧИД АВТОБУСААР ХИЧЭЭЛДЭЭ ЯВНА
Нийслэлийн хэмжээнд сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж байна. Налайх дүүргийн 109 дүгээр сургуульд хүүхэд тээвэрлэх автобусыг энэ үеэр хүлээлгэн өглөө. Хотын хэмжээнд эхний ээлжинд хамгийн холоос сурагчид нь ирдэг сургуулиудад бэлэн болсон автобусуудыг хүлээлгэн өгч байгаа аж. Тус сургууль төвөөсөө алслагдмал зөөврийн ус, бага оврын уурын зуух, бохирыг нь соруулдаг, гэр хорооллын дунд байрладаг юм байна. Энд Налайх дүүргийн III, IV хорооны хүүхдүүд суралцдаг. Сурагчид хичээлдээ ирэхдээ 1.5 км-ээс дээш зайд алхаж ирдэг гэлээ. Харин одоо сурагчид автобусаар хүргүүлэхээр боллоо.
НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТҮК ТӨХК-ИЙН АЖИЛЧИДТАЙ УУЛЗАВ
НИТХ-ын дарга С.Амарсайхан тус дүүргийн ТҮК-ийн ажилчидтай уулзаж ахуй амьдрал, аж байдалтай нь танилцлаа. Энэ байгууллага 60 орчим ажилтантай. Ажлын багаж, хэрэгслийн хувьд хангалттай. Мөн хог ачлагын машиныг энэ жил шинээр хүлээж авсан тул элдэв саадгүй, байнгын ажиллагаатай байгаа талаараа ярив. Мөн сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан ээлжгүй, амралтгүй ажиллаж байгаа гэсэн юм. Тус байгууллагын 22 ажилтан өөрийн гэсэн эзэмшлийн болон өмчилсөн газар, гэр оронгүй, аж амьдралын хувьд хэцүүхэн байдаг тул дүүргээс хашааны газар олгож өгөхийг хүсчээ. Хүсэлтийн дагуу НИТХ-ын дарга Налайх дүүргийн Засаг даргад хуулийн дагуу боломжийг судалж, шийдвэрлэхийг хүслээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин