Г.НАСАНБААТАР

 Монгол орны “UN-REDD” Үндэсний хөтөлбөр Монгол Улсын ойн суурь төвшний тайлан болон судалгааны  үр дүнг өчигдөр танилцууллаа. Судалгаагаар Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид хүний буруутай үйл ажиллагааны улмаас ойгоос ялгарч буй хүлэмжийн хийн хэмжээгээ тайлагнасан анхны сэрүүн бүсийн тайгын ой бүхий орон болжээ. “UN-REDD+” хөтөлбөрийн ойн системийн мэргэжилтэн Ц.Хонгор “Хүний үйл ажиллагаанаас шалтгаалан ойн хүлэмжийн хий буурч байгааг судалгаагаар тогтоож зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн дагуу ажилласнаар 5-10 жилийн дараа энэ аргаар дахин судалгаа хийж ямар үр дүн гарсныг харах боломжтой” гэлээ. 2005-2015 оны хооронд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Монгол Улсын ойн төвшний хэмжээ ойн түймэр, мод огтлолт, хортон шавжийн нөлөөгөөр, 5.2 сая нүүрсхүчлийн хий ялгарч байдаг аж. Мөн 90-ээс дээш хувийг ойн түймэр эзэлдэг юм байна. Ойн түймэр, хортон шавьж, мод огтлолтоос хамаараад 10 жилийн хугацаанд 1.4 сая га ойн талбай доройтож, ойн талбайгаас хээр буюу хот суурин газар руу шилжсэн 53 мянган га талбай хорогджээ. Мөн газрын төрлийн өөрчлөлт, ойн доройтол хомсдолоос шалтгаалсан үйл ажиллагаа бүрт нүүрсхүчлийн хий ялгаралт, шингээлтийн тооцоог гаргасан байна. 10 жилийн дунджаас харвал жилд 5.2 сая тонн нүүрсхүчлийн хий Монгол Улсын ойгоос ялгардаг байна.

Эх сурвалж: " Зууны мэдээ" сонин