Р.ОЮУН
МУБИС анхны “Зайны сургалтын төв”-өө нээлээ. Энэ талаар тус сургуулийн захирал, доктор Д.Мандахаас тодрууллаа.
-Саяхан нээлтээ хийсэн сургалтын төвийн талаар товч танилцуулахгүй юу?
-Энэ сургалтын төв нь Монголын их, дээд сургуулийн багш, ажилтан, оюутан суралцагсдад зориулан зайны болон танхимын сургалт зохион байгуулж хэрэгжүүлэхээс гадна мультмедиа студийн тусламжтайгаар зайны сургалтын хичээл, лекцийн бичлэг, багш, оюутны үйл ажиллагаа, туршлагыг сурталчилах ажлыг гүйцэтгэх, багш нарын боловсруулсан сургалтын ном, хэрэглэгдэхүүнийг дижитал хэлбэрт оруулах юм. Мөн онлайн шалгалт зохион байгуулах, зайны сургалт болон үнэлгээний чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах ажлыг бие даан болон хамтран зохион байгуулна. Энэ төвийг БСШУСЯ-наас Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд МУБИС-ийг түшиглэн байгуулсан.
-Орон нутагт энэ төвийг байгуулсан гэсэн. Энэ талаар?
-Дээд боловсролын багшийн, тэр дундаа багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, ажилтны хөгжлийг дэмжих зайны сургалтын тогтолцоо бий болгох зорилготой зайны сургалтын таван төвийг МУБИС, Ховд их сургууль, Дорнод их сургууль, МУИС-ийн Завхан сургууль, Архангай аймаг дахь МУБИС-ийн салбар сургуульд байгуулсан байгаа. Эдгээр төвтэй хамтран ажиллах, үндэсний төвшний үйл ажиллагаа зохион байгуулалт, арга зүйгээр хангах чиг үүргийг МУБИС-ийн Мэдээллийн технологи, зайн сургалтын алба хариуцан ажиллах юм. Мөн энэ сүлжээг ашиглаад багш нар мэргэжил дээшлүүлэх боломжтой. Цаашид энэ төвийг өргөжүүлээд бусад аймагтайгаа холбоё. Тэгвэл аль ч аймагтай холбогдох боломжтой болно.
-Тэгвэл гадаадын түнш их, дээд сургуулиуд руу холбогдох боломжтой гэсэн үг үү?
-Гадаад руу хөрөнгө зарж явахын оронд онлайнаар холбогдож, нүүрээ харж байгаад хамтарсан семинар, хийх ажлаа хийгээд явах боломж нээгдэж байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин