С.УЯНГА

 Энэтхэг улсад Бүгд Найрамдах улс тунхагласны 69 жилийн ой тохиосны баярыг өчигдөр Монгол Улсад суугаа Энэтхэг Улсын ЭСЯ-наас тэмдэглэн өнгөрүүллээ. Энэтхэг улс 1950 оны нэгдүгээр сарын 26-нд Бүгд Найрамдах улсаа тунхаглажээ.

Улс тунхагласны ёслолын арга хэмжээнд манай улсад ажиллаж амьдарч буй энэтхэг иргэд болон сайд дарга хүндэт зочид төлөөлөгчид уригдан оролцсон юм.

Энэ үеэр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу “Бид ардчиллын зарчим, үнэт зүйлс  тулгуурласан Үндсэн хууль боловсруулж,  баталснаар шашин шүтлэг, бүс нутаг болон нийгмийн бүлэг үл хамааран иргэдийнхээ тэгш байдлын зарчмыг бодитоор бий болгож чадсан юм. Түүнээс хойш эрх чөлөөний энэ агуу модоо ардчилсан уламжлалт институтээр тасралтгүй хөгжүүлж тордож ирсэн. Түүх соёл иргэншлээрээ ойрхон холбоотой байдал Энэтхэг, Монголын ард түмэнд харилцан ашигтай хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, цэцэглэлтийн төлөө мөр зэрэгцэн алхах боломжийг олгож байна. Өнгөрсөн жил үр өгөөжтэй олон арга хэмжээ айлчлал, хамтын ажиллагааны олон салбарууд бэхжиж Монголоос 150 орчим төрийн албан хаагч Энэтхэгийн Засгийн газрын бүрэн санхүүжилттэй богино хугацааны сургалтад хамрагдсан. Энэ жил мөн адил үргэлжилнэ” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин