С.САРУУЛ
Засгийн газраас төвлөрсөн хотуудад ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахыг хориглосон тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж буйтай холбогдуулан Засгийн газар, хувийн хэвшлийнхэнтэй утаагүй түлш үйлдвэрлэхэд хамтран ажиллахаар төлөвлөжээ. МАН-ын бүлгийн өнөөдрийн /2018.01.22/ хуралдаанаар утаа, хөрс, агаарын бохирдлыг цогцоор нь шийдэхийн тулд “Амьдралыг тэтгэгч цэвэр агаар” санаачилга гаргаж, ажиллахаар болжээ. Энэхүү санаачилгын талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлэхдээ “Энэ аяны хүрээнд эхний ээлжинд түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах, хоёрдугаарт, сайжруулсан түлшний хангамжийг нэмэгдүүлэхийг бодлогоор дэмжих, гуравдугаарт, гэр хорооллыг орон сууцжуулахад төвлөрч ажиллана. Гэр хорооллын айл өрхүүдэд дэд бүтцийг нь шийдээд өгвөл хашаандаа тав тухтай амьдрах боломжтой гэж иргэд үздэг. Тиймээс Улаанбаатарт дэд бүтцийн бичил төвүүдтэй болох санхүүжилтийг шийднэ. Мөн дулаан, цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, агаарын чанарыг сайжруулах тулд орон сууцны зээлд хамруулах санал оруулж байна. Бүлгийн дарга Д.Хаянхярваа “БНСУ-аас хөнгөлөлттэй зээлээр авах 500 сая ам.долларыг орон сууцжуулахад зарцуулна гэдгээ Засгийн газар мэдэгдсэн.Сайжруулсан түлшинд нэг стандарт тогтооно гэж ярьж байгаа. Сайн чанарын түлш үйлдвэрлэх компаниудтай хамтран ажиллана гэдгээ хэлж байгаа. 3,4 дүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлд Солонгосын талтай ярилцсан. Сайжруулсан түлш хэн нэгний хувийн бизнес болохвий гэсэн болгоомжлол байгааг ойлгож байна. МАН өмнөх гаргасан алдааг давтаж болохгүй гэдгийг гишүүд анхааруулж ярьсан.Тиймээс сайжруулсан түлшний асуудал бизнес болохгүй гэж ойлгож болно.Засгийн газар шатахуун импортлогчидтой ярилцаж байгаа. Ялангуяа А80, Ай92 бензиний үнийг нэмэхгүй, Дизель түлш, АИ 95, АИ 98 дээр нэмэгдэл өгөөд явахад тохиролцсон байна. Шатахууны 45 хоногийн нөөц бий” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn