ДЭМБ-ын тайлан мэдээгээр нийт өвчлөлийн аравны нэгийг осол гэмтлийн өвчлөл эзэлж жил бүр 5.2 сая гаруй хүн осол гэмтлийн улмаас амь насаа алдаж байгаа. 2020 онд осол гэмтлийн улмаас нас барах хүний тоо 8.4 саяд хүрэх магадлалтай байна. Монголд нийт осол гэмтлийн 86.6 хувийг санамсаргүй осол гэмтэл эзэлдэг. Сүүлийн таван жилд осол гэмтлийн дараах шалтгаанууд тэргүүлж байна.
Гэмтлийн гол шалтгаан болох унаж гэмтэх, түлэгдэх, зам тээврийн осолд өртөх, хүчирхийлэлд өртөх, амьгүй механик хүчинд өртөх осол орж байна. Иймд ахуйн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлэх зорилгоор Засгийн газрын 224 дүгээр тогтоол, “Oсол гэмтлээс сэргийлэх өдрийн хүрээнд энэ сарын 17-ноос хоёрдугаар сарын 28-ныг хүртэл “Миний гэр аюулгүй орчин уриатай” ахуйн ослоос сэргийлэх нэг сарын аяныг Эрүүл мэндийн яам, Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн онцгой байдлын газар болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах гэж байна.
Энэ үйл ажиллагааны гол зорилго нь гэр орон, ахуйн нөхцөлд хайхрамж болгоомжгүй байдлаас үүдэх осол гэмтлийг бууруулах, хүн амын мэдлэг, хандлагыг өөрчлөн зохистой зан үйлийг төлөвшүүлж, ахуйн ослоос урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин