НИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. 2013 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж 4700 гаруй айл тохилог орон сууцанд амьдрах боломж бүрдэх байсан. Тэгвэл өнөөдөр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд цөөн тооны байр ашиглалтад орсон ч зуу, зуун өрх орон гэргүй шаналж яваа. Өөрийн газар дээр өр ширгүй, дарамтгүй тайван амьдарч байсан иргэд өнөөдөр түрээсийн төлбөр ч үгүй гудамжинд гараад байна. НИТХ-ын даргатай энэ иргэдийн төлөөлөл уулзаж асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлт тавилаа. НИТХ-ын дарга С.Амарсайхан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлаас болж орон байргүй болсон зуу, зуун иргэн байна. Анх энэ ажил эхлэхэд л нийслэлээс ямар баталгаа гаргах вэ, иргэдийг хуураад явчихвал яах вэ гэдэг асуудлыг би тавьсаар ирсэн. Би олон иргэнтэй уулзаж байна. Харамсалтай нь өнөөдөр нийслэлийн олон иргэн ийм хүнд асуудалд орлоо. Энэ сард НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар энэ асуудлыг нарийн хэлэлцэж онцгой анхаарал хандуулна” гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин