М.ЦЭЦЭГ

 

Анх удаа суулт хийж буй Ардын намын дарга нар жагсаал цуглаан хийхдээ гаршсан Ж.Батзандан гишүүнээс заавар зөвлөгөө авахыг хүсэв. Ж.Батзанданг чуулганы танхимын үүдэнд ирэхэд суулт зарласан МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболд “Алив чи бидэнд зөвлөгөө өгөөч, туршлагатай хүн байна даа. Ер нь энд ирээд суучих, чамд яг тохирно” хэмээн урив. Хариуд нь Ж.Батзандан “Та нар яамар тухтай газар сууж байна вэ. Би Төрийн ордонд жагсаал хийж үзээгүй л дээ. Ордны гадаа 22 удаа жагсаал хийхдээ, хасах 40 градусын хүйтэнд зогсдог байлаа. Гэтэл манай нөхдүүд ордонд, ийм халуунд, зөөлөн буйдан дээр суучихсан тав тухтай жагсаж байна” гэв. Ж.Батзандан гишүүн Сү.Батболдод ийм “зөвлөгөө” өгчихөөд явлаа. Тэрээр халуун газар, зөөлөн буйдан дээрээс эсэргүүцлээ илэрхийлж үзээгүй болохоор үүнээс илүүг зөвлөж чадаагүй бололтой.