С.УЯНГА

Монголын залуу хуульчдын “Хос дэнс клуб” ТББ-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгуулахаар  АТГ, Үндсэн хуулийн цэцэд хандсан талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ талаар тус ТББ-ын тэргүүн А.Гантамиртай ярилцлаа. 

-Залуу хуульчид яагаад намын их хуралтай холбоотой зүйлд оролцоод байна вэ гэх шүүмжлэл байна?

-Арванхоёрдугаар сарын 9-10-ны хооронд Төрийн ордонд хийсэн МАХН-ын их хурлыг хуралдуулахдаа хууль зөрчсөн. Хурлыг зохион байгуулсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэд хэдэн хууль тогтоом­жийг ноцтойгоор зөрч­сөн асуудлыг хуу­лийн байгууллага, Үнд­сэн хуулийн цэцэд шалгуу­ла­хаар хандсан. Түүнээс бид МАХН-ын дүрмийн зөр­чилтэй холбоотой нэг ч үг үсэг яриагүй. Тодруулбал, намын дотоод асуудал руу ороогүй. Зөвхөн хууль зөрчсөнийг л ярьж байна. Манай клуб Үндсэн хууль, парламентын эрхзүйн хяналтыг хөндлөнгөөс хий­дэг. О.Баасанхүү гишүүн­тэй ижил асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандсан 14 дэх тохиолдол болж байна.

-Хуулийн заалтыг тодруулахгүй юу?

-Төрийн ордонд амралтын өдөр шөнийн цагаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар хамт­раад МАХН-ын II их чуул­ган хий­сэн нь хуульд нийцэж байгаа эсэхэд манай залуу хуульчдын клуб хөндлөнгийн дүн шин­жилгээ хийсэн талаараа өмнө нь мэдээлж байсан. УИХ-ын гишүүний үүд­нээс О.Баасанхүү ги­шүүнийг Үндсэн хууль зөрч­сөн үндэслэлээр Үнд­сэн хуулийн цэцэд гом­дол гаргасан. УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүний нэр төр, бүрэн эрхийг хувийн зорилгодоо ашиглахыг хориглоно гэж заасан. Гэтэл О.Баасанхүү УИХ-ын гишүүний нэр төр болон бүрэн эрхээ намын дарга болох хувийн эрх ашигт ашиглаж, Төрийн ордонд хурал зөвлөгөөн зо­хион байгуулсан. Үнд­сэн хуулийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдэг зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн ордны тухай хууль болон Төрийн ордны хуралдааны танхимуудыг ашиглах журмын тухай хууль тогтоомжоор зарим нэг зүйлийг зөвшөөрсөн байдаг. Төрийн ордонд зөв­хөн Засгийн газар, УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Ерөнхийлөгчийн Там­гын газар гэсэн субьек­түүдийн эрх олгос­ноор зөвхөн төр болон олон улсын шинж чанар­тай хурал зөвлөгөөн эсвэл эдгээр байгууллага хамт­ран оролцож зохион бай­гуулж буй хурал зөвлөгөөн хийхийг зөвшөөрсөн. Мөн УИХ-ын гишүүн Төрийн ордонд хурал зөвлөгөөн хийж болно гэдэг талаас нь авч үзэхээр намтай холбоотой хурлыг аль нэг намын гишүүн дангаараа зохион байгуулахгүй.

-Санхүүжилттэй хол­боо­той асуудлаар хуулийн байгууллагад хандах үндэс­лэл хангалттай бий юу?

-Их хурлыг зохион байгуулсан санхүүжилтыг хаанаас авч, яаж зарцуул­сан бэ гэдэг зүйл анхаарал татаж байна. Улс төрийн намын тухай хуульд иргэн, аж ахуйн нэгж тухайн намд хандив өгч болно. Мөн иргэн улс төрийн намд хандив өгөх дээд хэмжээ нэг сая төгрөг байна. Гэтэл О.Баасанхүү гишүүн хэвлэлд өгсөн ярилц­лагадаа “Чуулганд зар­цуул­сан 150 сая төгрөгийн хандивыг Баянгол зочид буудалд өөрөө бэлнээр аваачиж өгсөн. Үүнийг МАХН-д байсан нэр бүхий хүн хандив болгож өгсөн” гэж ярьсан. Тиймээс энэ үйлдэл нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй учраас АТГ-т хандсан. Мөн их хэмжээний хандив өгсөн иргэнийг олон нийтэд зар­лах боломжгүй бол хуулийн байгууллагаар мэ­дээл­лийг нь ил болгуулж, шал­гуулахаар АТГ-т хандсан.

-АТГ, Үндсэн хуулийн цэцээс хариу өгсөн үү?

-Энэ сарын 19-нд АТГ болон Үндсэн хуулийн цэц болон холбогдох төрийн байгууллагуудад хандсан. Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг хүчингүй болгосноор УИХ-ын гишүүн энгийн иргэд­тэй адил хэмжээнд хуулийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түд­гэлзүүлж байгаад хуу­лийн байгууллагаар шал­гах боломжтой болсон. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бодит байдал дээр хэрхэн хэрэг­жихийг хармаар байна. Ийм нөхцөл байдалд хол­богдох хуулийн заал­туу­дыг зөрчсөн О.Баасанхүү гишүүний бү­рэн эрхийг түдгэлзүүлж бай­гаад шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг АТГ-т гарга­сан. Авлигын эсрэг хуульд албан тушаалаа ур­вуу­лан ашиглахыг “Өөрт оногдсон эрх мэдэл, ал­бан тушаалаа хувийн зо­рил­годоо ашиглаж да­вуу байдал үүсгэнэ” гэж заасан. О.Баасанхүү ги­шүүн өөрт оногдсон эрх мэдлээ хувийн зорилгодоо ашигласан нь дээрх тодорхойлолтод нийцэж байна. Мөн авлига гэд­гийг “Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хон­жоо олоход урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгох” гэж хуульд заасан. Болсон үйл яв­дал­тай харьцуулахад бо­дит байдал үүнд ч мөн адил нийцэж байгаа уч­раас Авлигын эсрэг хуу­лийн зөрчсөн байх үндэс­лэлтэй гэж үзсэн. Энэ утгаар нь АТГ, Төр зас­гийн үйлчилгээний газар, Үндсэн хуулийн цэцэд хандсан. АТГ-ын Хянан шалгах хэлтэст хуваарилагдаад хуулийн дагуу шалгаж байгаа.

-Гишүүнтэй өөртэй нь холбогдож тайлбар авсан уу?

-Хуулийн байгууллагад хандахаас өмнө УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй уулзаж тайлбар авахаар хандсан. Бодит байдлыг тайлбарласан. Харамсалтай нь О.Баасанхүү гишүүн бидний хүсэлтийг хүлээж аваагүй. Уулзахаас татгалзсан.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин