Д.ОЮУН

“Монгол Улсын хөгжлийн гарц жижиг, дунд бизнес-4” ном худалдаанд гарчээ. Номын зохиогч нь ШУТИС-ийн механик тээврийн сургуулийн багш дэд профессор, доктор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батбаяр юм. Тэрээр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлснээр улсыг хөгжүүлэх боломж байгааг олон жилийн судалгааныхаа явцад анзаарч харсан ажээ. Жижиг, дунд үйлдвэрлэгчид улс орны эдийн засаг болон дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэрээр онцолж байв. Түүний хэвлүүлсэн цуврал ном үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд ямар алхам хийх вэ гэдгийг дурайтал харуулсныг зарим судлаачид хэлсэн юм. Энэхүү номыг зохиогч Б.Батбаяр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр мэргэшин хүмүүст гарын авлага болгохыг зорьж номоо бүтээжээ. Тиймээс түүний номонд дурдагдсан зүйлсийг хөрсөнд буулгахад хялбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын баримт бичигт тусгах боломжтой аж. Тус номын долдугаар хэсэгт жижиг дунд бизнесийн маркетинг, түүний стратегийн талаар дурдсан байна. Тухайлбал, “Жижиг дунд бизнесийнхэнд хамгийн наад зах нь гурван үндсэн зарчим чухал. Нэгдүгээрт, хэн эдгээр төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхийг анхаарах. Хоёрдугаарт төлөвлөгөөний эрх мэдлийн төвшин, бизнесийн байгууллагын нөөц баялгийг захиран зарцуулах эрх мэдлийн төвшинтэй тохирсон байх. Гуравдугаарт, бизнесийн гадаад дотоод орчны өөрчлөлтөд төлөвлөгөө уян хатан, зохицон нийцэх шаардлага хангасан байх” гэжээ. Энэ мэтчилэн түүний олон орноор явж хийсэн судалгаа, онол практикийг хослуулах ажиллах туршлага жижиг, дунд бизнесийнхэнд гарын авлага болон хүрч буй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин