М.БААСАНДЭЛГЭР
Манай улсад шинжлэх ухаан үүсч хөгжөөд 96 жил болжээ. 2004 оны Засгийн газрын тогтоолоор арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын өдөр болгон тэмдэглэхээр болсон. Энэ баярын хүрээнд “Шинжлэх ухаан, технологи, инноваци-2017” экспо үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургуулиуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, бизнесийн төлөөллүүд гэсэн 90 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм. Үзэсгэлэнд ном товхимол, урьдчилан сэргийлэх шинэ эм бэлдмэл, вакцин, тэжээлийн үр ургамал, шинэ сорт, үр тариа, барилгын материал, ХАА-н техникийн үйлдвэрлэл, уул уурхайн нөхөн сэргээлт, мэдээллийн технологийн чиглэлийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, загвар, технологийг дэлгэн тавьсан байв. Энэ үеэр БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, “УИХ-ын дараагийн чуулганаар Шинжлэх ухаан технологийн тухай, Инновацийн тухай, Шинжлэх ухааны академийн эрх зүйн тухай гэсэн гурван хуулийг хэлэлцэх гэж байна. Энэ жил төсвийн хувьд бага зэрэг нэмэгдсэн ч бидний хүсч байгаа хэмжээнд хүрч чадаагүй. Мөн хамгийн түрүүнд системийг нь өөрчлөх шаардлагатай. Шинжлэх ухаан, технологийн салбар эдийн засгаас харьцангуй тусгаарлагдмал байгаа нь 1996-2000 оны хооронд суурь бүтцийг нь хувьчилсан. Тэрнээс болоод судалгаа хийгээд үр дүн гарахад амьдралд нэвтрүүлэх баазгүй болчихоод байгаа юм. Энэ асуудлыг бид шийдэх ёстой” гэсэн юм.
“ШИНЭ ТЕХНОЛОГИ-СОДОН ШИЙДЛҮҮД”
Үзэсгэлэнд тавьсан бүтээлүүдээс онцлон танилцуулахад Швед улсад үйлдвэрлэгдэж байсан “Георадар” (GPR) гэдэг багаж олны сонирхлыг татаж байлаа. Энэ нь газар доорх бүтцийг радио долгион ашиглаж, хөрсийг гэмтээхгүйгээр хардаг скайнер юм. Өөрөөр хэлбэл, эхо оношлогооны аппаратаар хүний гэдэс дотрыг хардаг шиг энэ багажаар газрын бүтцийг хардаг. Манай улсад түгээмэл ашиглагддаггүй ч бүх салбарт чухал хэрэгтэй. Жишээ нь археологийн ажлыг хөнгөвчилдөг. Газрын доорх бүтцийг үзээд, хаана яаж ухвал олдвороо хурдан олох вэ гэдгийг илрүүлж өгдөг. Мөн онцгой байдлын ажилчид ашиглаж болно. Яаралтай үед нурангин доороос хүн хайж олох боломжтой. Мөн барилга, байшин барихдаа кабель, дулааны шугамаа ухахад буруу газар ухаж сүйтгэх тохиолдол байдаг. Харин энэ багажаар шалгаж, зураглал гаргаад ухвал аюулгүй байх болно. Энэ багажийн үндсэн төхөөрөмжийг Швед улсаас авч, туслах хэмжилтийн компьютер, өндөр нарийвчлалтай GPS-ийн систем, туслах хэрэгслүүдийг “Одон орон геофизик”-ийн хүрээлэнгийн инженерүүд өөрсдөө хийж угсардаг. Дөрвөөс 40 метрийн гүний бүтэц үзэх хүчин чадалтай.
[caption id="attachment_27316" align="aligncenter" width="750"]
Мөн МУИС-ын “Нано хиймэл дагуулын лаборатори”-ын оюутнуудын бүтээсэн 3D принтер сонирхол татаж байлаа. Шинэ загвар гаргах, кэйс хийх зэргээр инженер, дизайнерууд ихэвчлэн хэрэглэдэг. Манай улсад ашигладаггүй ч Америк, Япон, Герман зэрэг өндөр хөгжилтэй оронд түгээмэл ашигладаг. Үүнийг эх орондоо нэвтрүүлэх бүрэн боломжтой бөгөөд туршилт, судалгааг идэвхитэй хийсээр байгаа юм.
[caption id="attachment_27314" align="aligncenter" width="645"]
Дараагийн нэг онцлох бүтээгдэхүүн нь 1953 онд Австри улсад бүтээсэн, аюулгүй ажиллагааг хангасан, олон үйлдэлтэй, бага оврын төхөөрөмж юм. Үүнийг “Unimat” компани эх орондоо оруулж ирж өөрсдийн ур ухаанаар туршиж, хүүхдүүдийг сургадаг. Хүний биед аюулгүй байгалийн гаралтай цавуугаар наасан паниараар олон төрлийн хүүхдийн тоглоом хийдэг машин юм. Монгол ёс заншлыг харуулсан тоглоомууд хийдгээрээ онцлогтой. Цэвэр байгалийн гаралтай учраас хүүхдэд хоргүй, мөн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх давуу талтай юм.
“МАНАЙ АЖИЛЧДЫН 60 ГАРУЙ ХУВИЙГ ЗАЛУУС ЭЗЭЛДЭГ”
[caption id="attachment_27315" align="aligncenter" width="750"]
Шинжлэх ухаан технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ “Манай салбар улсаас жилд 30 гаруй тэрбум төгрөг авч ашигладаг. Үүнийхээ 20 гаруй тэрбумыг нь цалин, нийгмийн даатгалын шимтгэлд, үлдсэн 10 тэрбум төгрөгийг 500 орчим шинжлэх ухаан, технологийн төсөвт зарцуулдаг. Дунджаар гурван жил хэрэгжих нэг төсөлд 20 орчим сая төгрөг зарцуулдаг. Энэ бол маш бага мөнгө буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 0.12 хувийг эзэлдэг. Европын холбоо гишүүн орнууддаа ДНБ-ний хоёр хувийг зарцуулахыг зөвлөдөг. Үүнээс нэг хувийг нь л зарцуулахад шинжлэх ухаан нийгэмдээ мэдэгдэхүйц үр нөлөө үзүүлдэг гэж үздэг. Тэгэхээр манай салбарын санхүүжилт хангалтгүй байна. Дараагийн чухал асуудал бол боловсон хүчин. Улсын төсвөөс 1500 гаруй эрдэм шинжилгээний ажилтан цалинждаг. Энэ бол бага тоо буюу дэлхийн дунджаас гурав дахин бага юм. Мөн манай ажилчдын 60 гаруй хувийг нь 40 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Дундаж наслалт нь 33 байгаа юм. Энэ нас эд хийж бүтээх нас боловч эрдэм шинжилгээний ажил хийхэд хэт залуу нас. Иймээс бид залуусаа мэргэшүүлж, дадлагажуулах нь зүйтэй” гэв.
АСЕМ-ийн үеэр Төв цэвэрлэх байгууламжны үнэр нам арилсан. Тэр үед ашигласан үнэр арилгагч ялзмагийн хүчилийг хийсэн химийн ухааны доктор Ж.Дугаржав “Лагийн үнэрийг арилгах, ариусгах, халдваргүйжүүлэх бодис хийх үүргийг өнгөрсөн онд аваад үнэр дарах 52 тонн бэлдмэл хийж, 150 ам метрт цацаж, шүршиж тархсан лагийн эвгүй үнэрийг дарсан. Өөрийн орны түүхий эдээр бэлдмэлээ хийсэн. Энэ нь агаар дээр ямар нэгэн хорт бодис ялгаруулахгүй. Мөн гэр хорооллын жорлон, муу усны нүх рүү хийж үнэрийг дарж болно” гэсэн юм. Монгол эрдэмтдийн бүтээлийн тоо цөөхөн ч Азидаа дээгүүр үнэлэгддэг гэдгийг оролцогчид хэлж байв.
Мөн шинжлэх ухааны салбар жижиг хэдий ч чанартай, олон улсын түвшинд бүх судалгаа шинжилгээ хийх боломжтой гэдгийг зохион байгуулагчид хэлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин