Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “XX зууны монгол уран зохиолын үнэт зүйл ба Ч.Лодойдамба” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж байна. Энэ хуралд илтгэгч Б.Галаарид (Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн үйл ажиллагааг зохион байгуулах  Засгийн газрын комиссын нарийн бичгийн дарга, “Чадраабалын Лодойдамба” сангийн тэргүүн) -ын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монголын утга зохиолын нэрт төлөөлөгч, төр, нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамба нь XX зууны Монголын нийгмийн амьдралд  тод мөрөө үлдээсэн түүхэн хүмүүсийн нэг юм. Тэрээр Монголын түүхийн нэгэн чухал мөчлөг эхэлсэн цаг үе буюу 1921 оны Ардын хувьсгалаас хэдхэн жилийн өмнө мэндэлж, Монгол Улсын хөгжил дэвшил, гэрэлт ирээдүйн төлөө ухамсарт амьдралаа зориулсан шилдэг сэхээтэн байлаа. Ч.Лодойдамба 30 хүрэхгүй жил ажил алба эрхэлж, 52-хон насыг элээсэн ч  нэг хүнд хэтийдсэн ихийг хийж бүтээсэн ер бусын бүтээлч нэгэн байв. Харамсалтай нь  өнгөрсөн хугацаанд түүнийг зөвхөн зохиолчийнх нь хувьд дурсан ярьж, судлан сурталчилж ирсэн. Төр, нийгмийн зүтгэлтний хувьд гаргасан санал санаачилга, хийж бүтээсэн ажил үйлс, соён гэгээрүүлэлтийн үйл ажиллагааг нь шинжлэх ухаанчаар тодлон алдаршуулах ажил үндсэндээ анхаарлын гадна үлдсээр ирлээ. Түүний мэндэлсний 100 жилийн ойгоор энэ асуудлыг хөндөхгүй өнгөрвөл нэрт зохиолч, түүхт хүмүүнээ төдийгүй Монгол Улсынхаа түүхийн нэгэн чухал зурвас үеийг  үл хүндэтгэсэн  хэрэг болох билээ.  Ч.Лодойдамба нь өөрийн амьдарч байсан цаг үеийнхээ түүхийн жирийн нэгэн гэрч биш.Харин түүхийг идэвхтэйгээр бичилцсэн нэрт соён гэгээрүүлэгч гэдгийг цөөн хэдэн үндэслэлээр тодлохыг хүсч байна.

  1. Ч.Лодойдамба Монголын шинэ үеийн боловсон хүчин, сэхээтний нэрт төлөөлөл болох нь

Ч.Лодойдамба нь 1931-1935 онд Төв аймгийн Эрдэнэ сумын бага сургууль, Улаанбаатар хотын үлгэр жишээ дунд сургууль, 1935-1938 онд Улаан-Үд хотын Монгол рабфак, 1938-1939 онд Москвагийн төмөр замын техникийн ажилтан бэлтгэх сургуульд үлгэр жишээ суралцаж, 1939 онд ажил, амьдралын гараагаа Улаанбаатарын нарийн төмөр замын депогоос эхэлсэн түүхтэй. Түүний намтраас хоёр зүйл анхаарал татаж байна. Эхнийх нь Монгол рабфакт, дараагийнх нь Москвагийн төмөр замын сургуульд сурсан асуудал. Бүгд найрамдах засаглал сонгосон, хөгжлийн хувьд хоцрогдсон буурай  Монголын хувьд үндэсний мэргэжилтэн, боловсон хүчинтэй болох асуудал 1930-аад оны үед хурцаар тавигдсан. ЗХУ, Монголын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 1930 онд Монгол рабфак хэмээх бүрэн дунд боловсрол олгох сургуулийг Улаан-Үд хотод байгуулж, анхны элсэлтээ авчээ. Ч.Лодойдамба тус сургуульд хожмын нэрт найруулагч Л.Ванган, төрийн зүтгэлтэн Л.Цэнд нарын 16 хүүхдийн хамт суралцсан байна. Энэ үеэр Монголын улс ардын аж ахуй, эдийн засагт ихээхэн өөрчлөлт гарч, Улаанбаатар хотод томоохон үйлдвэрүүд баригдаж, эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн тул Налайхын уурхайгаас нүүрс татах нарийн төмөр зам байгуулах шийдвэрийг 1936 онд төрөөс гаргасан байна. Зам тээврийн цоо шинэ салбарт шаардлагатай мэргэжлийн  боловсон хүчнийг яаралтай бэлтгэх хэрэгтэй болсон тул Монгол рабфакаас 30 сурагч шилж Москва руу илгээхэд Ч.Лодойдамба тэдний тоонд багтсан байна. Зургаан жилийн сургалттай рабфакийн гуравдугаар ангиас шилэгдсэн тэрээр одоогийн Москвагийн зам харилцааны их сургуулийн нарийн шугамтай төмөр замын боловсон хүчин бэлтгэх курсэд нэг жил сурч “Уурын тэрэгчин” мэргэжил эзэмшин, Монголын төмөр замын салбарын анхны мэргэжлийн боловсон хүчнүүдийн нэг болжээ.

Тэрээр улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж, олон чухал ажил алба хашихын зэрэгцээ сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх асуудалд анхаарал хандуулж, ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх курс, МУИС, ЗХУ-ын Нийгмийн ухааны академийн аспирантурт суралцан дэд эрдэмтний зэрэг хамгаалсан, орос англи хэлтэй, тухайн цаг үеийнхээ боловсрол, мэдлэг сайтай шилдэг сэхээтний нэг байв. Ч.Лодойдамба нь хөгжлийн шинэ замыг сонгосон Монгол төрийн итгэл найдвар хүлээсэн  сэхээтнүүдийн  нэг  байсныг МАХН-ын Төв хорооны тэргүүлэгчдийн 1943 оны тавдугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор ЗХУ-д суралцуулахаар илгээсэн таван хүний нэгд багтсан баримт нотлон харуулж байна. Тухайн цаг үеийн гол онолчдыг бэлтгэхээр шигшиж сонгосон энэ  бүрэлдэхүүнд Ч.Лодойдамбаас гадна Нямтайширын Лхамсүрэн, Б.Ширэндэв, Ш.Лувсанвандан, Цэндийн Намсрай  нар орсон бөгөөд хожим бүгд нэртэй эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтнүүд болсон билээ.

  1. Ч.Лодойдамба сурган хүмүүжүүлэгч болох нь

Ч.Лодойдамба нь  1940-1960-аад оны хооронд Холбооны техникум, Намын шинэ хүчний дээд сургууль, тус сургуулийн гэрээр суралцах сектор, Марксизм-Ленинизмийг судлах оройн университет, МУИС, Намын төв хороо, Засгийн газар, МХЗЭ-ийн удирдах ажилтнуудын курс зэрэг олон сургуульд үндсэн болон цагийн багш, ахлах багшаар ажиллаж, хэдэн зуун оюутанд хичээл заасан нэр хүндтэй сур­ган хүмүүжүүлэгч юм. Тэ­рээр Монголын их, дээд сургуулиудад Гүн ухаан, Гүн ухааны хөгжлийн түүх, Олон улсын эрхзүй, олон улсын дипломатын түүх, Диалектик болон түүхийн материализм, гоо зүй, Марксизм-Ленинизмийн үндэс, тоо физик зэрэг хичээл зааж байжээ. Ч.Лодойдамбын шавь нар дунд төр, нийгмийн зүтгэлтэн С.Жалан-Аажав, Ц.Балхаажав, академич Ч.Жүгдэр, Г.Лувсанцэрэн философич Д.Дашжамц, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, гавьяат жүжигчин Ө.Рэнцэнноров нарын түмний танил, нэр алдартай хүн олон байна.

Ч.Лодойдамба нь анх МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1940 оны наймдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Холбооны техникумд физикийн хичээл зааж эхэлснээр сурган хүмүүжүүлэх ажлын гараагаа эхэлжээ. Улмаар Намын шинэ хүчний дээд сургуульд 1941-1943, 1946-1951, МУИС-д 1944-1951  онд багшилж байсан. Манай дээд боловсролын системийн ууган зүтгэлтнүүдийн нэг мөн болохыг  түүний шавь нарын дурсамж, архивын холбогдох баримтууд нотолж байна.

Энд нэр дурдан буй сургуулиуд нь дээд боловсролтой мэргэжлийн боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх, дээд боловсролын сургалтын тогтолцоог Монголд бий болгох үндэс хөрс нь болж өгсөн гэдэг өнцгөөс авч үзвэл Ч.Лодойдамбын сурган хүмүүжүүлэх, багшлах үйл ажиллагааны ач холбогдол, цар хүрээ бүр ч тод томруун болж байгаа юм.

Ч.Лодойдамба нь тал бүрийн өргөн мэдлэгтэй, хичээлээ ойлгомжтой сонирхолтой заадаг, эгэл даруухан, ямар ч бичиг цаас, конспект хэрэглэхгүйгээр лекц уншдаг ер бусын ой санамжтай, ховорхон төрөх багш байсан нь нэгэн цаг үед амьдрагсад, шавь нарынх нь дурсамж дурдатгалуудаас тодорхой байна. Түүний лекц уншихдаа цээжээр хэлсэн газар орон, хүний нэр, он цаг, тоо баримт, эх сурвалжийн хуудасны дугаар зэргийг зориуд шалгаж тулгаж үзэхэд огт зөрдөггүй байсныг хэд хэдэн хүн бахдан ярьж бичсэн баримт байгаа нь Ч.Лодойдамбыг төрөлхийн авьяастай сурган хүмүүжүүлэгч, шилдэг багш байсныг харуулж байна.

  1. Ч.Лодойдамба соён гэгээрүүлэгч болох нь

ХХ зууны тэргүүн хагас Монгол орны хувьд бүхэлдээ соён гэгээрүүлэлтийн он жилүүд байсан нь Ч.Лодойдамбын амьдрал, үйл ажиллагаанд гүн тусгалаа олсон төдийгүй өөрийг нь соён гэгээрүүлэлтийн нэгэн том төлөөлөгч болох нөхцлийг бүрдүүлжээ. Тусгаар тогтнолоо баталгаажуулах, нийгмийн шинэ харилцаанд шилжих хоёр том үйл явцыг нэгэн цаг үед давхцуулан хэрэгжүүлж буй Монгол орны хувьд олон зууны турш хадгалагдан уламжилж ирсэн амьдралын хэв загвар, үнэт зүйлийг өөрчилж, орчин цагийн эрдэм  боловсролыг иргэддээ олгож, тэдний ертөнцийг үзэх үзэл, ухамсарт өөрчлөлт хийх замаар нийгмийг бүхэлд нь шинэлэг дэвшилтэт төлөв байдалд шилжүүлэх том зорилт энэ үед тавигдсан. Хөгжлийн ямар зам, онолын ямар үзэл баримтлалыг эрхэмлэх асуудал Ч.Лодойдамбыг ажил, амьдралын гараагаа эхлэх цаг дор үндсэндээ нэг мөр болсон. Гагцхүү хэрэгжүүлэх асуудал үлдээд байжээ. Хэрэгжүүлэх гэдэг нь нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх асуудал бөгөөд энэ их ажлын тэргүүн эгнээнд явах үүрэг тухайн үеийн шилдэг сэхээтнүүдийн нэг Ч.Лодойдамбад оногдсон байна.

Тэрээр 1941 оноос их, дээд сургуульд багшлахын зэрэгцээ 1941-1943 онд Улсын радио хорооны орлогч дарга, 1944-1947 онд даргаар нь томилогдон ажилласан. Өргөн уудам нутагт тархай бутархай аж төрж буй монголчуудад мэдлэг мэдээлэл хүргэх, тэднийг ухуулан сурталчлах, соён гэгээрүүлэх  хамгийн тохиромжтой хэрэгсэл болох радиогийн үйл ажиллагааг удирдан зангидаж байжээ. Мөн 1942 оны есдүгээр сарын 5-нд НТХ-ны лекторуудын группын орлогч даргаар томилогдож, улс төрийн боловсролын бүлгэмүүд ажиллуулах, хот суурин газруудад лекц унших,  лекторуудыг сургаж бэлтгэх, соён гэгээрүүлэх нийтлэл илтгэл бэлтгэх зэрэг ажлыг гардан зохион байгуулж, хэрэгжүүлж байжээ. Чадвар сайтай уран илтгэгч, сайн багш гэдгээ амьдрал дээр нэгэнт нотлон харуулсан Ч.Лодойдамбыг тэр үеийн төр, засаг соён гэгээрүүлэх үйл хэрэгт дээд зэргээр дайчилж байсныг 1944 оны хоёрдугаар сарын  9-ний өдөр Намын төв хорооны нэг тогтоолоор түүнийг Улсын радио хорооны дарга, мөн МУИС-ийн Марксизм-Ленинизмийн кафедрын багшаар, маргааш нь НТХ-ны суртал нэвтрүүлгийн тасгийн лекторын товчооны лектороор тус тус томилж, хэд хэдэн чухал ажлыг давхар хариуцуулж байсан баримт нотолно.

Ч.Лодойдамба 1940-өөд оноос 1950-аад оны дунд үе хүртэлх хугацаанд Монголын төрөөс авч хэрэгжүүлсэн соён гэгээрүүлэлтийн ажлын гол зохион байгуулагчдын нэг байсан гэдэг нь энэ хугацаанд түүний давхар эрхэлж байсан ажлуудаас тодорхой байна. Ялангуяа, олон нийтийг соён гэгээрүүлж, мэдлэг мэдээлэл түгээх, шинэ соёлыг төлөвшүүлэх  ажилд чухал үүрэгтэй шинжлэх ухаан, соёл урлаг, утга зохиол, сэтгүүлзүйн хөгжлийн бодлогыг тодорхойлох, залж чиглүүлэх асуудалд Ч.Лодойдамбын үүрэг оролцоо, манлайлал  чухал байсан нь эргэлзээгүй.  МАХН-ын Төв хороонд ажилласан, ялангуяа, 1953 оноос НТХ-ны Суртал ухуулгын хэлтсийн шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын тасгийн эрхлэгчээр ажиллах үедээ түүний боловсруулсан санал, хэрэгжүүлсэн ажлыг нарийвчлан судалбал түүний соён гэгээрүүлэлтийн үйл хэргийг илүү тодорхой дүгнэх боломжтой болно.

Ч.Лодойдамбын соён гэгээрүүлэлтийн үйл ажиллагаа 1941 оноос эхэлсэн нь тодорхой. Тэрээр насан элтлээ олон мянган хүнд лекц уншиж, олон тооны  өгүүлэл нийтлэл бичиж хэвлүүлж, соёл урлаг, утга зохиолоор дамжуулан хүмүүсийн хүмүүжил, боловсролд нөлөөлж чадсан хүчирхэг хувь хүн төдийгүй уран илтгэгчид, эрдэм дэлгэрүүлэгчдийг араасаа дагуулсан манлайлагчдын нэг байсныг тэмдэглэн хэлмээр байна.

  1. Ч.Лодойдамба төр, нийгмийн зүтгэлтэн, манлайлагч болох нь

Ч.Лодойдамба 1941 оны наймдугаар сарын 15-нд 24 насандаа НТХ, тодруулбал Ю.Цэдэнбалын санал шийдвэрээр Улсын радио хорооны орлогч даргаар томилогдсоноосоо хойш насан туршдаа төр, нийгмийн хариуцлагатай алба хашсан баялаг намтар түүхтэй хүн юм. Улсын радио хороо нь тэр үед НТХ-ны харьяа байгууллага байсан, НТХ нь хэрэг дээрээ Монголын төрийг удирдаж байсан  болохоор Ч.Лодойдамба нь 24 наснаасаа төрийн зүтгэлтэн болсон гэсэн үг. Тэрээр ийнхүү төрийн ажилтан болсноосоо хойш 1943-1944 оны заагаар хагас жил ЗХУ-д курст сурсан, 1955-1959 онд мөн ЗХУ-д аспирантурт сурч эрдмийн зэрэг хамгаалснаас бусад бүх цаг хугацаанд томилсон газар бүрт очиж, төр, нийгмийн олон чухал албыг нэр төртэй хийж гүйцэтгэсэн байна.

Ч.Лодойдамба нь Улсын радио хорооны орлогч дарга, жинхэнэ дарга, НТХ-ны ухуулан боловсруулах хэлтсийн лектор, Суртлын хэлтсийн Марксизм-Ленинизмийн тасгийн лекторын товчооны лектор, ахлах лектор, дарга, НТХ-ны суртал ухуулгын хэлтсийн шинжлэх ухаан, урлаг, утга зохиолын тасгийн эрхлэгч, Урлагийн хэрэг эрхлэх хорооны I орлогч дарга, Соёлын яамны орлогч сайдаар ажиллаж, Монгол орныг орчин цагийн улс шиг улс болгох хариуцлагатай үүргийг төр, засаг нь хүлээсэн түүхэн зурвас үед ачааны хүндийг үүрэлцэж явсан эрхэм гавьяаг нь талархан дурсаж байна.

Ч.Лодойдамба төрд зүтгэсэн он жилүүддээ давхар ачаа үүрч байсан нь үндсэн ажлын зэрэгцээ хэд хэдэн их дээд сургуульд багшилж, онол, улс төрийн “Суртал нэвтрүүлэгч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч, уран зохиолын “Цог” сэтгүүлийн редакцийн зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн тэргүүлэгч, Төрийн шагнал олгох хорооны гишүүн, Ази, Африкийн орнуудын эв санааны нэгдлийн Монголын хорооны дарга  зэрэг сонгуульт алба хашиж байснаас тодорхой байна. Мөн АИХ-ын 1954, 1969 оны сонгуулиар АИХ-ын депутатаар Баянхонгор аймаг, Улаанбаатар хотоос сонгогдож байжээ.

Ч.Лодойдамба эдгээр олон албыг давхар хашихдаа биеийн амрыг хардаггүй, аль хүнд хэцүүг нь өөрөө хариуцан хийдэг дайчин шаргуу нэгэн байсныг НТХ-ны суртал ухуулгын хэлтсийн лекторын товчооноос 1947 оны гурав, дөрөвдүгээр сард хийж гүйцэтгэхээр төлөвлөж батлуулсан 17 ажлын 12-ыг өөрөө гардан хариуцаж биелүүлсэн жишээнээс харж болно. НТХ-д Монголын радиог хариуцаж байхдаа малчны хотноос анхны амьд сурвалжлага хийх ажлыг өөрөө явж зохион байгуулсан тухай дурсамж, Соёлын яамны орлогч сайд байх үеийнх нь ажил байдлын тодорхойлолтод  ажлын ихийг өөр дээрээ авдаг. Энэ нь заримдаа сул тал болдгийг цохон дурдсан зэрэг баримт ч үүний нотолгоо юм. Мөн шинэ соргог, хэрэгтэй чухал зүйлийг санаачлан нэвтрүүлэхийг эрмэлздэг, тэр бүхэнд өөрөө тэргүүлэн оролцдог манлайлагч байсныг Урлагийн хэрэг эрхлэх газрын I орлогч дарга байхдаа нийслэлийн хөдөлмөрчдөд цанын спортыг  сурталчлахын тулд өөрөө трамплинаас үсэрч үзүүлж байсан явдал нотолно.

  1. Ч.Лодойдамба эрдэмтэн судлаач болох нь

Ч.Лодойдамба нь 1941-1955 онд МАХН-ын Төв хороонд ажилтнаас тасаг, хэлтсийн дарга хүртэл хариуцлагатай ажил хийхийн зэрэгцээ МУИС, НШХДС зэрэг хэд хэдэн сургуульд багшилж, мөн онол, улс төрийн “Суртал нэвтрүүлэгч” сэтгүүлийн ерөнхий эрхлэгчээр ажиллаж,  философи,  нийгэм, улс төрийн асуудлаар хэд хэдэн товхимол, өгүүлэл нийтлэл, лекц бичиж хэвлүүлж байхдаа  ямар нэгэн их, дээд сургууль төгсөөгүй нэгэн байв. Монгол Улс 1940-өөд оны эхнээс дотооддоо дээд боловсрол олгож эхэлсэн.Мөн гадаадын их, дээд сургуулиудад тодорхой тооны хүнийг илгээн сургаснаар боловсон хүчний тодорхой нөөцтэй болсон хэдий ч Ч.Лодойдамбын нуруун дээр хариуцлагатай чухал ажил үүрэг ийнхүү давхар давхраараа халаагүй бууж байсан нь тэрээр өөрийгөө сайтар хөгжүүлж, эрдэм боловсролын хувьд хэний ч өмнө ягтахааргүй хэмжээнд хүрчихсэн байсны илрэл гэж үзэж байна. Тэр үед НШХДС, МУИС-д сурч төгссөн олон хүний дурсамжинд өргөн мэдлэгтэй, шилдэг сайн багш нарын тоонд  Ч.Лодойдамбыг олонтаа нэр заан дурдсанаас ч энэ нь тодорхой харагдаж байна.

Ямар нэгэн их, дээд сургуульд сурч төгсөх хэрэгцээ түүнд өөрт нь байгаагүй ч цаг үеийн шаардлага, эрдэм судлалын ажлынх нь ирээдүйд чухал хэрэгтэй байсан учраас МУИС-ийн түүхийн ангийг экстернат хэлбэрээр сурч төгсгөх хүсэлтээ 1953 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр МАХН-н Төв хорооны нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэнд гаргажээ. Тэрээр “Би Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын төв хорооны дэргэдэх Намын шинэ хүчний сургуулийн дэргэдэх лекторуудийн зургаан сарын курс төгссөнөөс хойш 10 жилийн турш Төв хороонд ажиллав.

Энэ жилүүдэд Төв хорооны шийдвэрээр дээд сургуулиудад (Намын Шинэ хүчний дээд сургууль, Улсын их сургууль ба Марксизм-Ленинизмийн оройн их сургууль) Марксизм-Ленинизмийн үндэс, диалектик ба түүхийн материализм зэрэг хичээл зогсолтгүй заасан юм. Намын төв хорооны аппаратад ажилласан ба Намын төв хорооны ажилтны мэдлэг өндөр байх шаардлага миний өмнө үргэлж тавигдаж байсны үрээр энэ жилүүдэд миний мэдлэгийн хэмжээ аргагүй өссөн ба сурах хүсэл минь улам их болов. Бас ямар нэгэн онолын асуудлыг боловсруулж, эрдмийн зэрэг хамгаалъя гэхэд, дээд сургууль төгсч, диплом аваагүй явдал саад болж байна” гэж учир шалтгаанаа тодорхойлсон байна.  Улмаар МАХН-ын ТХ-ны УТТ-ны 1953 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн тогтоолын дагуу МУИС-ийн Багш нарын факультетын түүхийн ангид 1953-1954 оны хичээлийн жилд  экстернатаар суралцан 28 шалгалт, найман шүүлэг, дөрвөн улсын шалгалт өгч мэргэжлийн  диплом гардсанаар өөрийн мэдлэг боловсролыг хэлбэрийн хувьд баталгаажуулсан байна. Улмаар ЗХУКН-ын ТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академид 1954-1959 онд суралцан Утга зохиол, урлагийн онолын танхимд “Монголын орчин үеийн драматургийн үндсэн үзэл санаа ба дүрүүд” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Ч.Лодойдамба хэдийгээр хэл бичгийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан ч урлагийн сэдвээр байнга бичиж байсан. Эрдмийн зэрэг хамгаалж ирснээсээ хойш Монголын соёл, урлагийн салбарын бодлогыг зангидалцаж явсан зэргээс болоод түүнийг урлаг судлалын ухааны доктор гэж эндүүрэх явдал тохиолдож байгааг дашрамд дурдъя.

Ч.Лодойдамба нь хэдийгээр 1959 онд эрдмийн зэрэг хамгаалсан ч өмнө нь “Олон үндэстэн ард түмний ах дүүгийн найрамдал ба нөхөрлөлийн тухай Лениний сургаал”(1942), “Дайны нөлөөлөх нөхцөл”(1944), “Дэлхийн II дайн ба техникийн роль”(1946) зэрэг өгүүллүүд хэвлүүлж судлаачийн хувьд өөрийгөө нотлон харуулчихсан нэгэн байжээ.

Ч.Лодойдамба 1959 онд ЗХУ-д эрдмийн зэрэг хамгаалж ирснээсээ хойш ажлын ачааллаас болоод их, дээд сургуулиудад багшлаагүй ч эрдэм судлалын ажлаа үргэлжлүүлсээр байжээ. Тэрээр энэ үеэс хойш улс төр, суртал ухуулгын сэдвээр төдийлөн бичиж нийтлээгүй. Утга зохиол, соёл, урлагийн чиглэлээр онолын өгүүлэл, шүүмж голлох болсон нь анхаарал татаж байна.

  1. Ч.Лодойдамба нэрт зохиолч, нийтлэлч болох нь

Ч.Лодойдамба нь 1939 онд “Хөдөө талын үзэсгэлэн” шүлгээр уран бүтээлийн гараагаа эхэлж, Монголын орчин цагийн анхны роман “Алтайд”, Зууны манлай роман “Тунгалаг Тамир”, “Манай сургуулийнхан” тууж, “ Шаргачин”,  “Хугараагүй ноён нуруу”, “Солонго” зэрэг өгүүллэг, “Гарын таван хуруу”, “Итгэж болно”  зэрэг жүжгийн зохиол бичсэн. Монголын утга зохиолын өв санд асар олон шинэлэг зүйл авчирсан нэрт зохиолч байв. Өнгөрсөн хугацаанд түүнийг зохиолчийнх нь хувьд судлах асуудал боломжийн төвшинд явж ирсэн тул энэ асуудалд билэг оюунаа чилээсэн  үе үеийн эрдэмтэн судлаачдад онцгойлон талархах нь зүйтэй.

Ч.Лодойдамба нь албан ажлын шаардлагаар гадаадын орнуудад цөөнгүй удаа зорчсон. Тэр тухайгаа аян замын тэмдэглэл бичиж сонин хэвлэлд нийтлүүлж байсан нь өнөөдөр судалгааны эргэлтэд орж амжаагүй байгаа нь харамсалтай. Мөн 1940-өөд оноос хойш бичиж нийтлүүлсэн соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх зорилго бүхий өгүүллүүдийг нь сэтгүүлзүй, нийтлэлзүйн талаас нь задлан шинжилгээ хийсэн судалгаа одоогоор алга байна. Ч.Лодойдамба “Алма-Ата”(1950) “Москва”(1952), “Би бол зөвхөн даган мөрдөгч”(1952), “Хятадын тухай тэмдэглэл”(1953), “Найрамдлын дуу”(1955), “Кипрт хийсэн тэмдэглэл”(1970) зэрэг 30 гаруй нийтлэл, тэмдэглэл бичсэн гэх аман мэдээ байгаа. Эдгээрийг нягтлан судлах асуудал сэтгүүлзүй судлаачдын өмнө тавигдаж байна.

  1. Ч.Лодойдамба анхдагч болох нь

Ч.Лодойдамбын ид ажиллаж, бүтээж туурвиж  байсан цаг үе нь Монгол орон олон зууны хоцрогдлоосоо ангижрах зорилго тэмүүлэлтэй давхацсан учраас шинэ содон үйл явдлаар арвин байжээ. Дээр нь Ч.Лодойдамба өөрөө санаачлага сайтай, эрэлхийлэгч чанартай нэгэн тул нэлээд олон зүйлийн анхдагч, манлайлагч байсныг тодлох оролдлого хийн, одоогоор мэдэгдэж буй заримыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

-Ч.Лодойдамба нь Москвагийн зам харилцааны их сургуулийн анхны монгол оюутнуудын нэг. Монголын төмөр замын анхны мэргэжлийн боловсон хүчний нэг, Улаанбаатарын нарийн төмөр замын депогийн анхны ажилчдын нэг мөн.

-Ч.Лодойдамба нь 1940-өөд оны эхнээс НШХДС, МУИС-д гүн ухаан, гүн ухааны хөгжлийн түүх, олон улсын эрхзүй, олон улсын дипломатын түүх, диалектик болон түүхийн материализм, гоо зүй, Марксизм-Ленинизмийн үндэс  зэрэг хичээл зааж байжээ. Ялангуяа, МУИС-ийн анхны, мөн философийн анхны багш нарын нэг гэдгийг онцолж байна.

-Ч.Лодойдамба нь 1946 онд Монголын зохиолчдын байгууллагыг зохион байгуулах хорооны удирдлагын гишүүнээр томилогдож, Монголын зохиолчдын анхдугаар их хуралд бэлтгэх ажлын бүлэгт орж, МЗЭ-ийн ерөнхий хорооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдож байсан.Монголын зохиолчдын байгууллагыг өнөөгийн зохион байгуулалтад шилжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн  анхдагч мөн.

-Ч.Лодойдамба нь 1953-1955 онд НТХ-нд шинжлэх ухааны асуудал хариуцсан тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа Шинжлэх ухааны хүрээлэнг ШУА болгох бэлтгэлийг хангах асуудлыг хариуцаж, 1961 онд ШУА байгуулах хурал дээр Монголын нийт сэхээтнийг төлөөлөн үг хэлсэн анхдагч мөн.

-Ч.Лодойдамба нь Соёлын яамны уран сайхны асуудал, бодлого хариуцсан орлогч сайд байхдаа гоо зүйн ухаанаар ном бүтээл, гарын авлага бэлтгэх,  хэвлүүлэх санаачлага гаргаж, ажил хэрэг болгосон анхдагчдын нэг мөн. Тэрээр 1949 онд Улс төр, шинжлэх ухааны мэдээллийг түгээн дэлгэрүүлэх нийгэмлэг байгуулах санал боловсруулж төрд хандсан анхдагчдын нэг мөн.

-Ч.Лодойдамба нь Улсын хөгжимт драмын театрыг Улсын драмын театр болон  Улсын дуурь бүжгийн театр болгож өргөжүүлэн байгуулах асуудал боловсруулж,  1963 оны тавдугаар сарын 10-ны өдөр МАХН-ын Төв хороо, Сайд нарын зөвлөлөөр тогтоол гаргуулж, хоёр театрыг тусад нь бие даалган байгуулж чадсан анхдагч үйлстэн мөн.

-Ч.Лодойдамба нь Монгол Улсад орчин үеийн рок попын урлагийг хөгжүүлэх санаачлага гаргаж, “Соёл Эрдэнэ” хамтлаг байгуулах саналыг уран бүтээлч залууст тавьж бодлогоор дэмжсэн анхдагч мөн.

-Ч.Лодойдамба нь Монголын уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, орчин цагийн анхны роман “Алтайд”-ыг бичиж, “Тунгалаг Тамир” роман нь зууны манлай романаар шалгарсан анхдагч мөн. Мөн ХХ зууны тэргүүн хагасын Монголын жүжгийн зохиолын хөгжлийг цогцоор нь судалж эрдмийн зэрэг хамгаалсан анхны эрдэмтэн судлаач мөн.

Энэ мэтээр Ч.Лодойдамбын анхдагч үйл ажиллагааг мөшгөн нягтлах нь цаашид Лодойдамба судлалын нэгэн чухал чиглэл байх нь эргэлзээгүй. Түүнийг төр, нийгмийн зүтгэлтнийх нь хувьд судлах ажил эхлэл төдий байгаа тул олон чухал баримт  судлаачаа хүлээж байгаа нь маргашгүй үнэн юм.

  1. Ч.Лодойдамба судалгааны онцгой объект болох нь

Ч.Лодойдамбын амьдралын замнал, олон талт үйл ажиллагаа, ялангуяа, бүтээл туурвилын онцлог содон байдал нь түүнийг хувь хүн биш. Харин үзэгдлийн хэмжээнд нэгэнт аваачсан нь 100 жилийн өндөрлөгөөс тодхон харагдаж байна. Ч.Лодойдамбын бичсэн зохиол, бүтээлүүдийг зөвхөн утга зохиол, урлаг  судлаачид биш өөр өөр салбар чиглэлийн эрдэмтэд тал бүрээс нь нягтлан судалж эхлээд байна. XX зууны  монголчуудын соёл, сэтгэлзүй, аж байдал, амьдрах ухаан, эдийн засгийн сэтгэлгээ зэрэг олон асуудлыг судлах явцад Ч.Лодойдамбын зохиол, бүтээлүүдийг өргөнөөр ашиглаж байгаа нь үүнийг нотлон харуулж байна. XX зууны дунд үеийн үндэсний сэхээтний нийтлэг дүрийг судлахад ч Ч.Лодойдамба чухал хэрэглэгдэхүүн мөн.

Өнгөрсөн хугацаанд Б.Ганбатын “Монголын сонгодог зохиолч Чадраабалын Лодойдамба. Амьдрал, уран бүтээл”, Т.Дүгэрсүрэнгийн “Чадраабалын Лодойдамба”, Б.Мөнхбаярын “Чадраабалын Лодойдамба. Намтар, уран бүтээлийн товчоон”, Ш.Цоодолын “Ч.Лодойдамба ба цоохор тэмдэглэл” гэсэн судалгааны ном, Ч.Долгорсүрэнгийн “Миний хань Чадраабалын Лодойдамба”, Ч.Цэндсүрэнгийн “Миний ах Ч.Лодойдамба” дурсамжийн ном, мөн олон арван өгүүлэл хэвлэгдэн  гарсан нь Лодойдамба судлалын ноён нурууг босгоход чухал үүрэг гүйцэтгэлээ. Мөн судлаач А.Жамбал МУИС-ийн философийн багш нарын тухай судалгааны номондоо Ч.Лодойдамбад нэг бүлэг тусгайлан зориулсан нь  Лодойдамба судлалыг шинэ чиглэлээр баяжуулж,  соён гэгээрүүлэгчийнх  нь хувьд тодруулж, өмнө нь судалгааны эргэлтэд байгаагүй асуудлыг ил болгосон сайн бүтээл болсныг тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Дүгнэлт:

Нэрт зохиолч, төр, нийгмийн зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Чадраабалын Лодойдамба нь ХХ зууны Монголын шилдэг сэхээтнүүдийн нэг бөгөөд 1940-1970-аад оны Монголын улс төр, нийгмийн шинэчлэл, төрийн бодлого шийдвэр, соёл, урлаг, утга зохиол, шинжлэх ухааны хөгжил, дээд боловсролын тогтолцоо, үндэсний мэргэжлийн боловсон хүчний бэхжилт, олон нийтийн соён гэгээрэлтэд өөрийн эрдэм мэдлэг, бүтээл туурвил, ажил үйлээрээ нөлөөлж чадсан түүхэн бие хүн мөн. Түүний туулж өнгөрүүлсэн амьдрал, хийж бүтээснийг бүхэлд нь нэгтгэн харвал эрин цагтаа үзэгдэл болсон жинхэнэ соён гэгээрүүлэгч мөн байжээ гэж мэндэлснийх нь түүхт 100 жилийн ойг тохиолдуулан дүгнэхэд таатай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин