Г.АМАРСАНАА
Хүмүүсийн сонирхолыг хамгийн их татдаг шинжлэх ухааны нэг нь яах аргагүй Одон орон судлал билээ. Тэгвэл энэхүү шинжлэх ухаанаас хамгийн их сонирхол татаж буй зүйл нь яах аргагүй “Хар нүх” гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Хар нүх гэдэг нь ямар ч гэрэл, цахилгаан болон соронзон долгион нэвтрэхгүй хэт хүчтэй таталцал бүхий огторгуйн орон зай юм. Гэрлийг хүртэл муруйтал нь татаж өөртөө оруулж аваад цааш нь явуулдаггүй гээд бод доо. Үзэгдэх гэрлийг өөртөө татан шингээдгээс хүрээлэн буй харанхуй огторгуйн дэвсгэрээс ялгаран харагддаггүй. Тиймээс хар нүх хэмээн нэрлэсэн билээ. Хар нүх өөрөө шууд харагдах боломжгүй ч ойрлцоо байгаа бодис, биетүүдтэй харилцан үйлчилж байгаагаар нь түүнийг илрүүлж олдог байна. Тухайлбал, хар нүхэнд татагдан орж буй хий, тоосонцороор хар нүх байгааг баталдаг. Хий, тоосонцор нь хар нүхэнд татагдан орохдоо хуйларч, халан, их хэмжээний цацраг ялгаруулдгаас янз бүрийн өнгөтэй харагдан эрдэмтдэд өөрийгөө барьж өгдөг гэсэн үг. Иймээс хар нүхний ойр орчим заримдаа янз бүрийн өнгөөр гэрэлтдэг. Мөн нүх биш хонгил юм байна гэсэн ойлголтонд ихэнх эрдэмтэд хүрээд байгааг дурдах хэрэгтэй. Тэд хар нүхний нэгээр нь орж нөгөөгөөр нь гарвал өгт өөр цаг хугацаа, хэмжигдэхүүнтэй бидэнтэй зэрэгцэн оршиж буй өөр ертөнцөд очно гэж үзэж байна. Учир нь хар нүхний хамгийн гайхамшигтай чанар нь энэ нүхний орчимд цаг хугацаа хүртэл өөрчлөгддөгт байгаа юм.
Гэрлийг өөрөөсөө холдуулахгүй барьж байх хүчирхэг татах хүчин бүхий биет байж болох тухай дүгнэлтийг 1783 онд анх Английн одон оронч Жон Мишел гаргаж байв. Удалгүй 1795 онд Францын физикч Пьер Симон Лаплас тооцооллын дүнд мөн адил дүгнэлтэнд хүрчээ. Харин хар нүх гэсэн нэршлийг анх, америкийн физикч, онолч Жон Арчибальд Уилер 1967 онд уншсан, алдарт “Манай орчлон ертөнц: Бидний мэдэх болон мэдэхгүй зүйлс” ( Our Universe: the Known and Unknown) илтгэлдээ хэрэглэжээ. Үүнээс урьд хар нүхийг одон орончид мөхмөл, сүйрсэн эсвэл хөлдүү од хэмээн нэрлэж байсан билээ.
Хар нүхний таталцлын талбайд орсон хийн үүл "сорогдож" буй анхны зургийг Америкийн агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/-ийн сансрын тойрог замд байрлуулсан "Чандра" гэдэг рентген дуран авайгаар авчээ. Бидний хардаг однууд нь бүгд том, жижиг нар бөгөөд тэд агаар мандлаас болж бидэнд анивчиж харагддаг. Бас дэхийгээс оддыг зөвхөн шөнө л харах боломжтой. Эдгээр алдаанаас зайлахын тулд эрдэмтэд дэлхийн тойрог замд "Чандра" нэрт дуран авайг байрлуулсан юм. Чандра гэдэг нь Энэтхэг домогт гардаг сарны бурханы нэр юм.Тухайн үед энэхүү дурангаар авсан зураг хар нүхнүүд хэрхэн томордог болон тэдгээрийн татах хүч бусад биетэд хэрхэн нөлөөлдөг талаарх одон орон судлалын хоёр том асуултанд хариулахад туслах болно гэж NASA мэдээлж байв. Шинээр нээсэн эдгээр хар нүхний нэг нь дэлхийгээс 32 сая орчим гэрлийн жилийн зайтай орших “NGC 3115” галактикийн төвд оршдог байна. Нэг гэрлийн жил гэдэг нь секундэд 300 мянган километрийн хурдтай тархдаг гэрлийн нэг жилийн хугацаанд туулах зай юм. Хийн үүл хар нүхний соронзон орны "залгих" бүсэд орохдоо хэлбэрээ алдаж байлаа. Хөдөлгөөний хурд ихсэхийн хэрээр хий улайсч, рентген туяа цацруулж буй нь "Чандра" дуран авайгаар авсан зурагт тод харагдаж байсан билээ. Мөн хар нүхнээс 700 орчим гэрлийн жилийн зайтай ойртох үед хийн үүлний температур эрс нэмэгдсэн болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ хар нүхний жин манай нарнаас хоёр тэрбум орчим дахин их гэдгийг эрдэмтэд тооцоолсон.
Сансарт хар нүх сөнөж буй нарнаас бий болдог. Асар их нягтралтай, үлэмж их масстай биет нь хэмжээлшгүй их татах хүчтэй байх бөгөөд эндээс гэрэл ч гадагшилж чаддаггүй нь энэхүү татах хүчтэй холбоотой. Эдээр хар нүхнүүд нь сансрын хий тоосонцороос авахуулаад бие даасан гараг тэр бүү хэл бүхэл бүтэн галлактикийг ч сорон авах чадвартай. Сүүлийн үед хар нүх нь бүх зүйлийг сорох төдийгүй тодорхой хугацааны дараа анх байснаас нь сайжруулж буцаан гаргадаг гэж эрдэмтэд үзэж байгаа юм. Гэхдээ энэ нь маш удаан хугацаа шаардана гэнэ. Нарны аймаг нь зах хязгааргүй галлактикийн маш өчүүхэн хэсэг бөгөөд манай энэхүү галлактикт маш олон хар нүх байгаа аж. Эдгээрээс хоёр нь л дэлхийд аюул учруулж магадгүй юм байна. Гэхдээ бидний аз болоход эдгээр хар нүх биднээс 1600 гэрлийн жилийн зайд байгаа юм. Эрдэмтэд бараг давхцаж буй зэргэлдээ энэ хоёр хар нүхийг Энэтхэг домгийн сарны бурханы нэрээр мөн л “Чандра” гэж нэрлэжээ. Учир нь эрдэмтэд энэ хоёр нүх таталцлын улмаас удахгүй нэг хар нүх болно гэдэгт итгэлтэй байгаа гэнэ.
Эцсийн эцэст дотор нь орсон бүх зүйл гадагшилж хар нүхэнд зөвхөн цацраг идэвхи л үлдэх бөгөөд удалгүй сарнин бүр мөсөн алга болдог гэж эрдэмтэд үзэж байна.
Энэ бүхнээс дүгнэж үзэхэд оддын систем буюу галлактикт цөөнгүй, нүдэнд үл харагдах, маш их нягтшилтай, гэрлийг хүртэл цааш явуулахгүй өөртөө татаж аваад буцааж гаргадаггүй хэтэрхий гэмээр их татах хүчтэй орон зай байдаг юм байна. Үүнийг хар нүх гэнэ. Хар нүхний хэмжээ байнга өөрчлөгдөхөөс гадна сансрын хий, тоосонцор, дэлхий болон нарны аймаг тэр ч байтугай бүхэл бүтэн галлактикийг “сорж” мөхөөх чадвартай юм байна. Харин үүнээс бусад нь зөвхөн эрдэмтдийн дэвшүүлж буй таамаг гэдгийг санахад илүүдэхгүй.
Эх сурвалж: www.zms.mn