Э.БЭРЦЭЦЭГ

Үеийнхээ хүүхдүүд шиг компьютер тоглож, чаталж суухын оронд АНУ-ын Эйдан Дуайр хэмээх 13 настай жаал хүү байгалийн нууцыг тайлж чаджээ.  Эйдан нарны энергийг хуримтлуулах шинэ арга нээхдээ байгалийн алгоритм буюу Фибоначчийн тоон цувааг ашигласан байна.  Дунд сургуульд бид бүгдээрээ л үүнийг үзсэн байх. Фибоначчийн тоон цувааны дараачийн тоо нь өмнөх хоёр тооны нийлбэр байдаг. Жишээлбэл 0, 1, 1, 2, 3, 5, 8, 13... Үүнийг бүр XIII зуунд Италийн математикч Фибоначчи хочит Леонардо Пизанский нээсэн. Математикийн энэ хуулиар Архимедийн алтан огтлол, спиралийг ч тайлбарладаг.

Үнэндээ Фибоначчийн тоон цуваа амьд ертөнцөд ч бий. Энэ нь хүний биеийн бүтэц, нялцгай биетэй дун, наран цэцэг, нарсны боргоцойгоос өгсүүлээд галактик гээд хаа сайгүй ажиглагддаг. Модны мөчир, навч ч ялгаагүй тоон цуваад захирагддаг юм байна.

Жаал хүү өнгөрсөн өвөл Катскилл ууланд амарч байхдаа анх үүнийг ажиглажээ. Тэрбээр олон ном бүтээл судалж, тооцоо хийсний эцэст схем гаргаж.  Хавтгай нарны зайг газарт зулж, их талбай эзлүүлэхийн оронд модны мөчир шиг байрлуулж болно гэдгийг  Эйдан хүү сэтгэжээ. Түүний нээлт нарны эрчим хүчний салбарт хувьсгал хийлээ. Жаал хүү гэрийнхээ арын хашаанд жижигхэн мод хэлбэртэй нарны зайн загварыг бүтээв. Энэ “мод” нь ижил хүчин чадалтай хавтгай нарны зайтай харьцуулахад 20 хувиар илүү энерги хуримтлуулсан төдийгүй 2,5 цаг илүү ажиллажээ.  Түүний  бүтээлийг дэлхийн аль ч цэгт ашиглах боломжтой, маш бага талбай шаарддаг бөгөөд цаг агаар муу байхад, сүүдэрт ч сайн ажиллаж байлаа. Өвөл, арванхоёрдугаар  сард туршихад “энергийн мод” нь нарны хавтгай зайнаас 50 хувиар илүү бүтээмж  үзүүлжээ. Тэгэхээр өндөр байшин барилгатай хотод ч түүнийг хэрэглэх боломжтой юм.  Эйдан  зохиогчийн эрхээ  аль хэдийнэ авсан гэнэ. Түүний энэ нээлтийг АНУ-ын олон фирм сонирхож эхэлсэн тул амьдралд удахгvй хэрэгжих бололтой.

Байгалийн түүхийн музей Эйданыг 2011 оны “Young Naturalist Award” шагналын эзнээр тодруулжээ. Энэ шагналыг биологи, экологи, дэлхий, одон орныг судалдаг сурагч, оюутнуудад олгодог юм байна.