Т.БАТСАЙХАН

Монголын Соёл, яруу найргийн академиас “Дэлхийн яруу найрагчдын хурал”-ыг  саяхан эх орондоо амжилттай зохион байгуулсан билээ.   Хурлын хүндтэй зочны нэг нь Тайванийн нэрт яруу найрагч,бясалгагч  Юй Си байв.  Тэрээр чуулганд оролцсоныхоо дараа яаран буцсангүй.  Монголд түр хугацаанд саатан, Монголын уншигчдад уран бүтээлээ хүргэсээр байна. Тухайлбал, “Амин навчны дууль”, “Сайхан сэтгэлт анчин” хэмээх тус бүр гурван боть үлгэрээс бүрдсэн номоо хүүхэд багачуудад бэлэглэсэн юм.  Тэгвэл өчигдөр “Чулуун толь дияаны сэтгэл” лекцээ олон түмэнд хүргэлээ.  Түүний үнэтэй үг сургаалыг сонсохоор Монголын нэртэй эрдэмтэн судлаачид цугласан байлаа.  Монголын Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Зава Дамдин Ринбүчи, Чех улсад суух Элчин сайд асан Д.Зүмбэрэлхам,  нэрт орчуулагч Д.Болдбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ү.Хүрэлбаатар зэрэг эрхэм хүндтэй хүмүүс Юй Си-гийн уулзалтыг зорин  иржээ. Монголын Соёл, яруу найргийн академийн тэргүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо Тайванийн нэрт яруу найрагчийг танилцуулав. Юй Си Монголд элэгтэй нэгэн бөгөөд Г.Мэнд-Ооёо, орчуулагч Д.Болдбаатар нарын дотны нөхөр юм. Тэдний үерхэл олон жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд энэ удаа эрхэм найзынхаа лекцийг эх орондоо зохион байгуулах болсондоо ихэд таатай байна гэдгээ илэрхийлж байлаа.  Мөн тэрээр “Би Тайванийн Тогоруут ууланд байх  Юй Си-гийн “XXI зууны олон улсын соёлын индэр” хэмээх нэртэй урланд очиж байлаа. Энэ хүн бол Тайванийн үндэсний хөгжмийн “Алтан аялгуу” наадмаас дээд уянгыг бүтээсний төлөө олон удаа тэргүүн шагнал хүртэж байв.  Дэлхийн Урлаг, Соёлын Академийн алтан медаль,  Дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагналыг түүнд олгож, эгшиглэнт алтан титмийг залсан билээ. Түүний зохиол туурвил Дорно  дахинаа нэгэнтээ цуурайтаж чадсан. Мөн Монголын уншигчидтай ч танил болж эхлээд байна” гэлээ.  Түүний уран бүтээлийн нэр нь Юй Си юм.  Утга нь горхи ба загас гэх бөгөөд түүний багш Ло Фү нь энэ нэрийг хайрлахдаа горхиор эхлээд далайд хүрэхийг бэлгэдсэн гэжээ.  Дараа нь  доктор Д.Магсаржав Юй Си-гийн Монголын уншигчдад хүргэж буй “Номин цэнхэр далай” бүтээлийг танилцуулав.  Түүний шүлэг, яруу найргийн энэхүү бүтээлийг орчуулагч Д.Болдбаатар, Я.Ганбаатар, М.Чимэдцэеэ нар эх хэлнээ хөрвүүлжээ. “Чингис хаан-Мөнх хөх тэнгэрийн орны луу”, “Сэтгэлээ хариулахуй”, “Тэнгисийн дуулал”, “Долоон өнгийн үүлсийн үзэмж”, “Урд насны ерөөл” зэрэг бүтээл нь уншигч олонд нэгэн шинэ сэрэл мэдрэмжийг хайрлах нь дамжиггүй юм.  Тухайлбал,  Уулсын тэртээгээс утаа оргилж байна, гал байж таарна, Улалжин шивээний дээгүүр цухайх нь одсын минь эвэр байна” гэх мөртүүд түүний “Сэтгэлээ хариулахуй” шүлэгт бий.  Ер нь Юй Си-гийн бүтээлүүд гүн утга агуулгатайн дээр шашинлаг, бурханлаг сайн сайханд хүрч тэмүүлэх гэсэн санааг үргэлж тусгах ажээ.  Энэ нь шашны утга санааг түгээн дэлгэрүүлэгч, бясалгагч гэдэгтэй нь холбоотой байх.  Мөн Юй Си-гийн хүндэлж явдаг хүмүүсийн нэг нь Монгол  Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр юм. Тэрээр лекцийнхээ үеэр Н.Энхбаярт хүндэтгэл үзүүлэн, зохиол бүтээлийнхээ дээжээс гардуулав.  Ийнхүү Тайванийн нэрт яруу найрагт Юй Си-гийн “Чулуун толь дияаны сэтгэл” нэртэй лекцийг монголчууд шимтэн сонслоо.  Хүний дотоод сэтгэлийн амар амгалан гэж юу болох, түүнийг хэрхэн гадны нөлөөллөөс хамгаалах вэ, мөн чулуу шиг хатуу болсон сэтгэлийг элс шороо мэт зөөлөн болгох зэргийг  олон сонирхолтой жишээ, үлгэр домог дээр тулгуурлан тайлбарлалаа. Амьдрах ухаан нь нэгэн төрлийн урлаг бол дияан нь хүмүүний амьдралын утга учрыг таньж мэдэх эрхэм дээд билэг оюун ажээ.   Энэ тухай өгүүлэх Юй Си-гийн лекцийг бид маргаашийн дугаартаа бүрэн эхээр нь нийтлэх болно. Түүний лекц хүний сэтгэлийн мөн чанарыг нээж, чулуу мэт хатууг зөөлрүүлж, сэтгэлд хар буруу гэм орохоос хамгаалах сэрэмжийг хайрлах буй заа.

 8-29-2й1 8-29-2й2

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин