Б.ТҮШИГ

Японы инженер Сакичи Тоёода 1924 онд оёдлын автомат ажиллагаатай машин зохион бүтээж, патентаа Их Британийн нэгэн компанид худалдан тэр мөнгөөрөө1929 онд “Toyoda” корпорацийг үүсгэн байгуулжээ. Түүнээс дутуугүй сониуч зан, инженер сэтгэлгээтэй хүү Киичиро Тоёода нь Европ, АНУ-аар яван автомашины аж үйлдвэрийг судлан 1934 онд “А” загварын анхны бензинээр ажилладаг хөдөлгүүр, дараа жил нь суудлын болон ачааны автомашин угсарч чаджээ.

Япон улсын Засгийн газар Киичиро Тоёодагийн санаачлагыг бүх талаар дэмжих болсон аж. Ингээд, 1937 оны наймдугаар сарын 26-нд Киичиро Тоёода Японы ууган автомашин үйлдвэрлэгч “Toyoda Motor” компанийг үүсгэн байгуулж, мөн жилдээ “АА” загварын суудлын автомашин үйлдвэрлэж эхэлсэн байна.

Тус компани нэрээ сольсон түүх бас сонирхолтой.“Toyoda” гэх ханзанд есөн зураас ордог аж. Монголчуудын бэлгэшээдэг есийн тоог японууд азгүй гэж үзсээр иржээ. Иймд ойролцоо сонсогдох, бичихэд найман зураас ордог “Toyota” гэх үгээр сольсон байна. Учир нь японуудын уламжлалд наймын тоо эд баялаг, цэцэглэлтийг илэрхийлдэг ажээ.

Дэлхийн II дайны үед тус компани Японы армийг цэргийн ачааны машинаар бүрэн хангаж байсан юм. Зарим судлаачийн үздэгээр, АНУ-ын нисэх хүчин Аичи хот дахь “ТoyotaMotor” компанийн үйлдвэрийг бөмбөгдөж устгасан нь Японыг дайнд ялагдахад багагүй нөлөө үзүүлжээ.

Өдгөө “Тoyota Motor” дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч компани юм. Тус компани 2007 онд үйлдвэрлэсэн автомашины тоогоор анх удаа АНУ-ын “General Motors”-ын өмнө орж өнөөг хүртэл дэлхийд хамгийн их автомашин үйлдвэрлэж байна. Жилд 70 орчим загварын найман сая автомашин борлуулдаг “Toyota Motor”-ын үндсэн хөрөнгө 155 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ үзүүлэлтээр дэлхийд долоод бичигддэг ажээ.

1749 ОН

Германы суут яруу найрагч, философич Иоганн Волфганг Гёте мэндэлжээ.

1910 ОН

Монтенегро Туркээс бүрэн тусгаар тогтнож, бие даасан хаант улс болсноо зарлав.

1946 ОН

АНУ болон Их Британи дэлхийд коммунизмын аюул тархахаас сэргийлэх үүднээсНҮБ-д Монгол, Албани улсуудыг элсэхэд хориг тавьжээ. Манай улс үүнээс 15 жилийн дараа 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн улс болсон юм.

1963 ОН

АНУ-ын нийслэл Вашингтоны А.Линколний дурсгалын цогцолборт иргэний эрхийн төлөө жагсаалд 200 гаруй мянган хүн оролцож, хар арьстнуудын тэгш эрхийн төлөө тууштай тэмцэгч Мартин Лютер Кингийн “Надад мөрөөдөл бий” гэж эхэлсэн алдарт үгийг талархан хүлээн авчээ.

1990 ОН

Ирак улс Кувейтийг өөртөө нэгтгэн 19 дэх мужаа болгов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин