Сүхбаатарын талбайд яамдын өдөрлөг хоног алгасахгүй болж байгааг хүмүүс янз бүрээр хүлээн авч байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг болсон юм. Өдөрлөгийг тус яамны Бодлого төлөвлөлтийн газраас удирдан зохион байгуулав. Тус газрын дарга М.Энх-Амар “Салбарын үйлдвэрлэгчид, төрийн болон шинжлэх ухааны байгууллага зэрэг хамтын ажиллагаатай бүхий л газруудаа хамруулан энэ өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ оныг манай салбарынхан малын чанарыг сайжруулах жил болгон зарласан. Тиймээс орон даяар “Малын зохиомол хээлтүүлгийн үйлчилгээг эрчимжүүлэх” аяныг эхлүүлсэн” гэв.
Өдөрлөгийн үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр борлуулсан нь олны талархлыг хүлээж байлаа. “Иргэн танд зөвлөе” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж ХХААХҮ-ийн Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга хэлсэн үгэндээ “Салбарын бодлогыг “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” зорилтын хүрээнд “Мах сүүний анхдугаар аян”, “Атрын III” аяныг эрчимжүүлэх, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилт 21:100” болон “Ноолуур” хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлж байна. Энэ удаагийн өдөрлөгөөр мал аж ахуй, газар тариалан, хүнс, болон жижиг, дунд, хөнгөн үйлдвэрлэлийн бодлого зэргийг олон нийтэд танилцуулахаар зорьсон. Мөн шинэ техник технологи, худалдаа үйлчилгээ, хууль зүйн зөвлөгөө өгөх болно” гэв. Хүмүүсийн нийтлэг сонирхдог жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл, тусгай зөвшөөрөл, инноваци, шинэ санаачлагыг сурталчлан танилцуулав.
Энэ үеэр манай улсад “Дэлхийн сүүний өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хаалт, малын чанарыг сайжруулах аяныг улсын хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний нээлт боллоо.
Малын чанарыг сайжруулах аяныг зохион байгуулах болсон шалтгаан нь орон нутагт өндөр ашиг шимтэй үржлийн зохиомол хэлбэрүүдийг нэвтрүүлж малын чанарыг сайжруулахад чиглэсэн. Аяны хүрээнд Герман, Чех, Словак зэрэг орноос импортоор 34 мянган тун үр оруулж ирсэн аж. “Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмон “Зохиомол хээлтүүлгийн дүнд мал эрүүлжинэ. Өндөр ашиг шимтэй махны болон, сүүний чиглэлийн үхэр үржүүлнэ. Одоохондоо зөвхөн мах, сүүний чиглэлийн үхрийг өсгөх учраас эхний ээлжинд 110 орчим сая төгрөг төсөвлөсөн” гэсэн юм. Энэ аянд хамрагдах хүсэлтийг харгалзан захиалга авч байгаа. Тиймээс малчид тухайн аймаг сум дахь Мал аж ахуйн тасгаараа дамжуулан хүсэлт гаргах боломжтойг холбогдох албаныхан тэмдэглэлээ.
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин