Р.ОЮУН
Төв аймгийн Жаргалант сумын III багийн Засаг дарга Д.Майдартай ярилцлаа.
-Танай багийг аймгийнхаа жишиг баг болсон гэж сонссон. Энэ талаар танилцуулахгүй юу?
-Би Төв аймгийн Жаргалант сумын Баянбулаг III багийн Засаг даргаар дөрөв дэх удаагаа сонгогдоод байна. Ард түмнийхээ итгэлийг дөрвөн удаа хүлээнэ гэдэг том хариуцлага. Би ганцаараа бүх бодлого, шийдвэрийг гаргаж ажилладаггүй. Хамтарч ажилласан багийн эмч, байгаль хамгаалагч, ЗДТГ-ын мэргэжилтнүүд санаа бодлоо нэгтгэж байж энэ амжилтад хүрсэн. Жишиг баг болоход бүх хүн нөлөөлсөн. Тухайлбал, 12 дахь жил дээрээ сүүлийн 40 жил хийгээгүй бүтээн байгуулалтыг иргэдээрээ хэлэлцүүлсэн. Ялангуяа, орон нутгийн хөгжлийн сангаас хийх зүйлд багийн иргэд санал гаргаж байсан. 1-2 байшин барихдаа биш. Иргэдийн хүссэн зүйлийг бодит ажил болгож хэрэгжүүлснээр аймагтаа жишиг болж байна. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд манай баг тэрбум шахуу төгрөгийн хөрөнгө оруулсан.
-Багийнхаа иргэдийг тогтвор суурьшилтай амьдруулахын тулд ямар ажил хийж байна?
-Өнөөдөр багийн төв гэхээр ямар нэгэн дарга суух талаасаа биш. Иргэдийн нэг цэгийн үйлчилгээний төв байх хэмжээнд очсон. Манай баг анхан шатны эмнэлгийн үйлчилгээ, байгаль хамгаалагч, цагдаа, Төрийн банк, багийн дарга нь нэг дор бүх асуудлаа шийддэг онцлогтой. Мөн сургууль, цэцэрлэг маш чухал. Сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ гэдэг иргэд тав тухтай амьдрах ялангуяа, залуу гэр бүл, малчдын асуудлыг шийдье гэж байгаа бол дотуур байр, цэцэрлэг, сургуулийг бүрэн шийдсэн үед хүмүүс тогтвортой амьдардаг юм байна. Хувь хүний сургуульд сурах орчныг сайжруулаагүйгээс үр хүүхдийнхээ төлөө өөр тийшээ шилжиж нүүдэг юм байна. Үнэхээр хөдөө орон нутагт тулгамдсан асуудлуудыг нь шийдвэл ирдэг суурьшдаг юм билээ. Улаанбаатар хотод цэцэрлэг, сургуульд орох гэж 200-300 мянган төгрөг төлдөг бол багт хэзээ ч ийм зүйл байдаггүй. Хот руу явсан хүмүүс эргээд ирж байна.
-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Хэлэлцүүлгүүд, тулгамдсан асуудлуудыг иргэдээс сонсох хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэж үг бий. Аль нь болох, алийг нь орон нутаг, аймаг, улсаас гаргах юм гэдгийг уламжилж ажиллах хэрэгтэй. Өнөөдрийн хувьд эдийн засгийн хямралтай байгаа учраас хувийн зохион байгуулалтын асуудал чухал. Хувь хүн, өрх, нэгжээсээ бүх асуудлыг зөв харж, хамтарч ажиллаж чадвал үүнийг хамтдаа давж чадна гэсэн бодолтой ажиллаж байна.
-Танай баг бусад багаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
-Манай баг газар тариалан, мал аж ахуй хосолсон, аж ахуй түлхүү хөгжсөн. Гэхдээ газар тариаланг түлхүү барьж явдаг. Энд ажлын байр гардаг. Ажлын байрны ард эдийн засгийн тогтвортой орлого байдаг. Тиймээс том аж ахуйн нэгж гэхээс илүү өрхийн үйлдвэрлэлийг сайн дэмжих, “Сүү” компанид сүүг өдөр бүр өгөх, нийслэлийнхнийг шинэ ногоогоор хангахад бага ч гэсэн орлого ордог. Нэг том үйлдвэр зогсолт хийхээр цалин зогсдог. Өрхийн хэмжээний өөрийн чадлаа дайчлан ажиллаж байгаа хүмүүст өдөр тутмын орлого чухал гэдэг нь харагдаж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх ялангуяа, малчдыг, өрхийн тариаланчдыг дэмжсэн зээл тусламж их үгүйлэгдэж байна. Ялангуяа, өрхийн үйлдвэрлэгч, малчдын амьдралыг харсан бодлого хэрэгтэй. Өнөөдөр жижиг гэхгүй, төрөөс мөнгө гуйгаагүй, хамгийн гол нь тогтвортой ажиллах нөхцөл гаргасан өрхийн жижиг үйлдвэрлэл олон байна шүү дээ. Үүнийг уламжилж хамтарч ажиллах боломжтой.
-Төв аймаг энэ жил “Ажилтай, орлоготой иргэн” гэж уриа дэвшүүлсэн. Үүнтэй холбогдуулан ажилгүй иргэдээ хэрхэн ажилтай, орлоготой болгох вэ?
-Багийн иргэдээ ажилтай, орлоготой болгохын тулд бүлгийн зохион байгуулалт руу орж байгаа. Нэг хүн өрхийн хэмжээнд гэр бүлийн асуудлыг шийднэ. 7-10 хүн нийлж бүлэг болж төмс хураах, цагаан идээгээ борлуулах, үзэсгэлэн худалдаанд ороход ашигтай байна. Бүлгийн ахлагч нь ирээд бид ийм ажлыг төдий хугацаатай хийе гэдэг. Ийм түр ажлын байр тэмдэглэгдэхгүйгээр манай иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаанд явж байдаг. Сайн ажиллавал тэр хүнийг дахин дуудна, хэрэв муу хийвэл явахгүй. Бүлгийн зохион байгуулалтад орж энэ хүмүүсийг дэмжээд, төрийн бодлогын чанарт бариад орон нутгаас давхар дэмжээд явбал боломж байна. Ялангуяа, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэвэл иргэдэд газрыг сайн өгөх хэрэгтэй. Газар бол мөнгө. Газар тариалангийн болон малын бэлчээрийг иргэдэд нь өгвөл эдийн засгийн асуудалгүй болно. Залхуу хүн мянга газартай байгаад ч хэрэггүй.
-Баянбулаг баг хэдэн хүн амтай вэ. Сургуулиа төгсөөд ирсэн залуучууд ажил хийх боломж байна уу?
-7000 гаруй хүн амтай, анхан шатны дөрвөн баг ажилладаг том сум. Манай баг 1200 хүн амтай, 340 өрхтэй. 2016-2020 он хүртэл залуу гэр бүлд ажлын байр хамгийн чухал асуудал. Мэргэжлээрээ ажиллах боломж Төв аймаг төдийгүй Монголын хэмжээнд байхгүй. Тиймээс “Ажилтай, орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд гэр бүлийг дэмжсэн. Ялангуяа, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, жижигхэн өрөөнд нь, гэрт нь байх тийм юмнуудыг оруулж ирвэл амьдралд нь тус болно гэж боддог.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин