Т.САЙХАН
Социализмын үед монголчууд тавдугаар сарын эхний өдрийг Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр хэмээн тунхаглаж баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Харин сүүлийн жилүүдэд энэ баяр мартагдаж эхэлсэн. Анх 1886 оны тавдугаар сарын 1-нд Америк, Канадын социалист болон коммунист байгууллагууд ажлын найман цагтай байхыг шаардан тэмцэж байсан юм. Чикаго хотод тэмцэгчдийн дундаас зургаан хүн амь үрэгдэж байв. Жагсаалыг зогсоох гэсэн цагдаа нарын харгис үйлдлийн эсрэг ажилчдын тэмцэл ширүүсч, бөмбөг тэсэлснээс найман цагдаа амиа алджээ. Энэ хэрэгт энгийн дөрвөн ажилчныг баривчлан цаазалсан байна. Үүнээс хойш 1889 онд Парисын конвенциор тавдугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын ажилчдын эрх ашгийг хамгаалах” өдөр болгон зарлажээ. Монголчуудын нэрлэж заншсанаар “Майн баяр”-ыг Орост 1890 оноос тогтмол тэмдэглэх болсон юм. Харин манай улс “Майн баяр”-ыг анх 1922 оноос тэмдэглэсэн тухай баримт Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан үлджээ. Майн баярын жаргаалын үеэр монгол цэргүүд тэрлэг дээл, их бууны хороо, пулемётын сумангийн цэргүүд цэргийн цамц өмсөж гарахаас гадна даргын сургуулийн цэргүүд арьсан хувцас өмсөж бүрэн зэвсэгтэй гарч жагсдаг байжээ. Харин одоо БНХАУ, Куба,Венесуэл, Хойд Солонгос зэрэг орнууд энэ баярыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
1328 он
Шотландын тусгаар тогтнолын дайн дуусч, Эдинбург-Нортхэмптоны хэлэлцээрээр Англи улс Шотландын Вант улсыг тусгаар тогтносон хэмээн хүлээн зөвшөөрчээ.
1844 он
Унгарын зураач Михалий Мункаши энэ өдөр төржээ.
1978 он
Италийн зохиолч Игнасио Силоне нас баржээ.
2010 он
Хятадууд дэлхийн түүхэнд хамгийн том үзэсгэлэн зохион байгуулав. Энэхүү үзэсгэлэнг 70 сая орчим жуулчид ирж үзжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин