Р.ОЮУН

Ардын жүжигчин, кино найруулагч, зохиолч Г.Жигжидсүрэнгийн “Сүүдэр шийний хүүхдүүд” номын нээлт өчигдөр боллоо. Зохиогч номоо 1938-2000 оны хооронд бүтсэн Монголын уран сайхны 300 орчим киноноос түүвэрлэж, 55 бүтээлийн тухай судалгааны өгүүллийг дотроос нь харж бичихийг зорьсон гэв. Тэрээр “Миний хувьд тухайн бүтээлийн хэрхэн яаж төрсөн түүхийг цаг үетэй нь холбон авч үзэх аваас кино урлагийг сонирхон судлаачид болон залуу уран бүтээлчдэд илүү сонирхолтой байж магадгүй гэж үзсэн. Ер нь ямар нэгэн уран бүтээл, түүнийг бүтээгчдийг тухайн цаг үе нь төрүүлдэг” гэсэн юм.

Түүний номын нээлтэд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, ардын жүжигчин П.Цэрэндагва, Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган, Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ө.Нарангэрэл болон үе үеийн уран бүтээлч нөхөд нь ирсэн байлаа. Энэ үеэр зарим хүний сэтгэгдлийг сонирхлоо.

4-7-5

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн:

БИ ЗАГНУУЛЖ БАЙСНААС НОМООР ШАГНУУЛЖ БАЙСАНГҮЙ

-Би загнуулж байсан болохоос номоор шагнуулж байгаагүй. Өнөөдөр Г.Жигжидсүрэн бүтээлүүдээ эмхэтгэж Монголын киноны тухай сайхан номыг Цэцгээгийн асрамжийн газар бичсэнд баяр хүргэе. Сайхан ном байна лээ. Энэ номонд Монголын кино үйлдвэрийн уран сайхны зөвлөлийн хурлуудын протокол байгаа. Үүнд би гурван удаа орж гурван удаа хөөгдөж гарч байсан болохоор сайн мэддэг. Тэр үед үгээ хэлэх шиг хэлээд, бүтээлийг бүтээсний дараа хайрлах шиг хайрладаг ийм цаг байжээ. Биднийг кино хийсний дараагаар бүгд баярладаг, ямар сайхан үнэн байсан юм. Өнөөдрийн Монгол орон нэг сая 500 мянга гаруй квадрат метр талбайтай жүжгийн тайз бий болж. Гол дүрүүд нь хулгайч, олон хулгайчтай, олон луйварчинтай, олон худал хүнтэй, ухаантай болох гэсэн солиотой хүмүүстэй тийм сайхан жүжгийг орон даяараа тавьж байгаа энэ үед ийм сайхан ном гаргасанд их баярлаж байна.

Ардын жүжигчин П.Цэрэндагва:

БАГШ МААНЬ ХОЁР ДАХЬ НОМОО ГАРГАЛАА

-Юуны өмнө багшийн маань номын хуримд хүрэлцэн ирсэн ноёд, хатагтай нарын амгаланг эрэн мэндчилье. Миний сэтгэл ихэд хөдөлж, хөөрч, догдолж байна. Учир нь багшийн маань хоёр дахь номын нээлт, номын хурим болж байна. Зэмлэл, магтаал хоёрыг зэрэг даахад надад нөлөөлсөн хүний нэг нь миний багш гэж би хэлэхийг хүсч байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган:

Г.ЖИГЖИДСҮРЭН ӨӨРИЙН ГЭСЭН ҮЗЭЛ БОДОЛТОЙ ХҮН

-Өнөөдөр өдөр нь ч сайхан, болж байгаа үйл явдал нь сэтгэл сайхан өдөр болж байна. Г.Жигжидсүрэн өөрийн гэсэн үзэл бодолтой, тэрэндээ чин үнэнч, ямар ч тохиолдолд түүнээс хальдаггүй, нөгөө талаараа Монголын кино урлагт өөрийнхөө биеэс гадна зүрх сэтгэл, оюун ухааныг төгс зориулж чаддаг ийм уран бүтээлч гэж бодож явдаг. Түүний ертөнцийг таахад тийм амар биш. Монголын кино урлагт энэ хүнийг дагаж олон сайхан кинонд нь оролцож явсны хувьд тодорхой хэмжээний халдварыг өөртөө авсан гэж боддог. Ингэж бодохоор Г.Жигжидсүрэн зөвхөн кино найруулагч төдий биш сайн хүн, сайн хань юм. Д.Цэцгээ бол түүний арыг нь түшиж явдаг сайхан монгол бүсгүй гэдгийг тодорхойлчихмоор санагдаж байна. Найздаа улам ихийг бүтээж, түүндээ хүрэхийн төлөө эрүүл саруул, оюун ухаан чинь чавхарч сайхан байхыг ерөөсөн юм.

Мөн энэ үеэр түүний дунд үеийн шавь болох Соёлын гавьяат зүтгэлтэн, найруулагч Ө.Нарангэрэл “Бид Жийгээ багшийн олон киног үзэж өссөн. Энэ ном багшийн хийсэн кинонуудаас илүү сонирхолтой. Кино бол дэлгэцэн дээр, зурагтаар гардаг. Үүний цаана юу болж байсан бэ гэдгийг энэ номд тодорхой бичсэн. Номын буян багшид ирнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ номын 40 хувь Жийгээ багшийнх. 60 хувь нь гэргий Д.Цэцгээгийнх юм шүү. Олон хүний зураг, овог цуглуулж компьютерт шивж, загнуулж, хоолыг нь хийж, оймсыг нь угааж, машиныг нь барьж байж энэ ном бүтсэн. Тиймээс энэ номны 60 хувь Д.Цэцгээд оногдоно гэж бодож байна. Их баярлалаа, дахин ном, кино төрүүлээрэй. Киног нь тооцвол манай Жийгээ багш 200 гаруй хүүхэдтэй хүн. Үр хүүхдийг нь тооцвол гурван сайхан хүүтэй. Манай Цэцгээ эгч дархан бэр юм шүү хэмээн ирсэн олныг баясгаж байлаа.

banner3-14