Б.БАРС

Халимагийн их яруу найрагч, ЗХУ-ын төрийн шагналт, хөдөлмөрийн баатар Давид Кугультинов буюу Хөгөлтийн Даваа 1922 оны гуравдугаар сарын 13-нд Халимагийн Их дөрвөд аймаг, одоогийн Яшалтан дүүргийн Гахайн авга нар сууринд чинээлэг гэр бүлд төржээ.  Монголын уншигчид түүнийг юуны түрүүнд “Шуурга сөрсөн цэцэг” номоор нь мэддэг.

Түүнийг есөн настай байхад 1931 онд өвөөг нь нударган баян хэмээн бүх эд хөрөнгийг нь хураан Сибирийн Алтайн хязгаар руу цөлсөн аж. Харин Даваа хүү аавынхаа хамт Халимагийн Приютын дүүрэг дэх нэгдэл рүү нүүхэд хүрч тэндээ сургуульд оржээ. Тэрээр 12 настайдаа анхны шүлгээ орон нутгийн сонинд хэвлүүлэн К.Марксын боть номоор шагнуулсан байна. Элстэй хотын нэгдүгээр дунд сургуульд “Үүрдийн андуудын нууц холбоо” гэх улс төрийн бус, зүгээр л романтик дэврүүн сэтгэлтэй хөвгүүдийн бүлгэмийн гишүүн байхад нь нэг сурагч түүнийг матжээ. Хожим Халимагийн намын хорооны дарга болсон В.Козлов өмгөөлөөгүй бол Д.Кугультинов маш хүнд үр дагавар амсахаар байсан гэдэг.

Д.Кугультинов 1939 онд Халимагийн багшийн дээд сургуулийн оюутан болж, дараа жил нь “Залуу насны шүлгүүд” номоо хэвлүүлэхэд “Чапаев” романаараа алдаршсан нөлөө бүхий зохиолч А.Фадеев залуу яруу найрагчийг үнэлэн магтсанаар тэрээр 18 насандаа ЗХУ-ын Зохиолчдын эвлэлийн гишүүн болжээ.

Хоёрдугаар дамжаанд суралцаж байхдаа цэрэгт татагдан манай улс дахь Зөвлөлтийн цэргийн бүрэлдэхүүнд ахлагч, улмаар дэслэгч цолтой алба хаасан аж. Д.Кугультинов Аугаа эх орны дайн эхлэхэд л фронт руу илгээхийг хүсэн 1942 онд Украины хоёрдугаар фронтод улс төрийн ажилтан, сонины сурвалжлагчаар ажиллан Днепр мөрнийг гэтлэх болон Корсунь-Шевченкогийн томоохон давшилтын ажиллагаанд оролцсон байна.

Гэвч 1944 онд Халимагийн ард түмнийг тэр чигт нь цөлөхөд фронтоос дуудагдан Сибирь руу ачигджээ. Тэрээр Бийск хотын техникумд багшилж байхдаа 1945 оны дөрөвдүгээр сард Халимагийн ард түмнийг өмөөрч өмгөөлсөн шүлэг бичин олны өмнө үг хэлсэн хэргээр 10 жилийн ял аван Норильскийн хорих лагерьт хоригдсон аж. Халимагуудын цагаатгасан 1956 онд угсаа нэгт ахан дүүсийнхээ нэгэн адил сан нэг эх нутгийнхаа барааг харжээ.

Д.Кугультинов 1970-1990 оны хооронд 20 жилийн турш тасралтгүй ЗСБНХОУ-ын Зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан бөгөөд 1976 онд “Дөрөвдүгээр сарын дуудлага” шүлгийн түүвэр номоороо ЗХУ-ын Төрийн шагнал гардан 1990 онд ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар болсон билээ. Түүний уран бүтээлд “Жангар” тууль ихээр нөлөөлсөн гэдэг бөгөөд тэрээр “Оюун ухааны бослого”, “Моабитын хоригдол” найраглал, “Бямба ба гоо бүсгүй Булган” хүүхдийн зохиол гээд халимаг, орос хэлнээ 60 гаруй ном хэвлүүлжээ.  Их яруу найрагч 2006 онд Элстэйд 84 насандаа өөд болжээ.

1325 он

Ацтекуудын эзэнт гүрний нийслэл Теночтитлан хотыг суурийг тавьжээ.

1869 он

Оросын эрдэмтэн Д.Менделеев химийн шинжлэх ухаанд томоохон нээлт болсон үелэх системээ бүтээж дуусгажээ.

1881 он

Санкт-Петербургийн Екатеринины гудамжаар өнгөрч байсан Оросын хаан II Александрын сүйх тэрэг рүү “Ард түмний хүсэл” хувьсгалт бүлгэмийн гишүүн А.Гриневицкий тэсрэх бөмбөг шиджээ. II Александр шархаа даалгүй тэр өдрөө амьсгал хураажээ.

1894 он

Парисын шөнийн цэнгээний газар анх удаа мэргэжлийн тайчих урлаг стриптизийн бүжгийг толилуулав.

1938 он

Нацист Герман Австрийг өөртөө нэгтгэжээ.

1943 он

А.Гитлерийн амь насанд анх удаа халджээ. Дэслэгч К.Шлабрендорф нацист Германы удирдагчийн сууж явсан онгоцонд бөмбөг тавьсан ч хэт хүйтнээс болж тэрхүү бөмбөг дэлбэрээгүй байна.

banner-3-3