22 ЖИЛИЙН ТУРШЛАГАА ЗАЛУУ АХЛАГЧ НАРТАА ӨВЛҮҮЛНЭ
Энэ үеэр Харуулын дарга, ахлах ахлагч Г.Сүмбэрэлийн сэтгэгдлийг сонслоо.
-Би Хөвсгөл аймгийн Ханх суманд төрсөн. 1993 онд Дорноговь аймгийн Улаан-Уулд цэргийн албаа хаагаад 1994 онд халагдаж ирсэн. 1995 онд Хилийн 0257 дугаар ангид орж 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл харуулын даргаар тасралтгүй 22 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол Улсынхаа хилийн халдашгүй дархан байдлыг хангахын төлөө чадах бүхнээ зориулж, хилчидтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа баяртай байна. Энэ өвлийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулахад цас их унасан, зудархуу байна. Хил рүү явахад хүндрэлтэй байдаг болохоор хил хамгаалах туслах хүчний гишүүнээс цаа буга авч хүрэх газраа очихгүй бол мориор явах боломжгүй. Тиймээс цаагаар хилээ эргэж тойрдог. Манай энд өвлийн цагт цас унасан тохиолдолд цаа явдаг болохоор цааг үржүүлэх нь хилчдэд морио гамнахад ашигтай гэж боддог. Тэтгэвэрт гарахаасаа өмнө хуримтлуулсан туршлагаасаа залуу үе, дараа дараагийнхаа ахлагч нартаа газар орны бартаа саад, байгалийн аюулт үзэгдэл тохиолдоход хэрхэн ажиллах талаар зааж сургаж байна. Манай энэ хэсэг их онцлогтой. Өнөөдөр сайхан нартай байхад оройдоо шуурах, байгалийн эрс тэс үзэгдэл их болдог аюултай газар. Энэ бүгдийг залуу ахлагч нартаа үлдээхийн тулд хилээ хамгаалаад явж байна гэлээ.
Энэ хэд хоног эх орныхоо тайван байдлыг хамгаалахын тулд хил хамгаалах байгууллага, хилчид ямар бэрхшээлийг туулж, яаж ажилладаг болон орон нутгийн иргэд хэрхэн хамтран ажиллаж, бие биедээ тусалж дэмждэг талаар цуврал нийтлэлээрээ хүргэхийг хичээлээ. Эх орны дархан хил тайван байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин