Б.БАРС
1931 оны нэгдүгээр сарын 30-нд Нью-Йоркийн Бродвей дахь “Лос-Анжелес” театрт Чарли Чаплины “Их хотын гэрэл” киноны нээлт болжээ. Тэнүүлч эр, цэцэг зардаг сохор бүсгүйн романтик хайр дурлалын тухай өгүүлдэг дэлгэцийн энэ бүтээлийг бүх цаг үеийн шилдэг киноны нэг гэж үздэг билээ.
Хэдийгээр дуутай кино 1927 оноос дэлгэрэх болсон ч инээдмийн киноны хаан гэгдсэн Чарли Чаплин “Их хотын гэрэл”-ээ дуугүй бүтээжээ. Ер нь жүжигчин, зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч, товчдоо бол кино урлагийн хосгүй универсал мастер тэрээр дуугүй киноны эрин үе өнгөрөх болсонд ихэд харамсч байсан гэдэг.
“Их хотын гэрэл”-ийг Чарли Чаплины ямагт хөнддөг “жижиг хүний” сэдвийн оргил бүтээл болсон гэж үздэг байна. Их депрессийн амаргүй үе таарсан тул тус киноны зураг авалт санхүүжилтийн хүндрэлээс үүдэн гурван жил сунжирчээ. Хэдий тийм ч “Их хотын гэрэл” гуравхан сарын дотор бүх зардлаа нөхөн 400 мянган ам.долларын цэвэр ашиг цуглуулжээ. Тухайн үедээ энэ нь маш их мөнгө байсан нь мэдээж.
Киноны нээлтэд олон алдартан цугларсан бөгөөд нэрт эрдэмтэн А.Эйнштейн ч хүрэлцэн иржээ. Тэрээр киноны дараа Чарли Чаплинтай уулзаад, “Хүн бүхэнд ойлгомжтой кино хийж алдаршсан та үнэхээр агуу” гэжээ. Үүнд Чарли Чаплин, “Хэний ч ойлгодоггүй харьцангуйн онол нээж алдаршсан та бүр ч агуу хүн” гэж хариулсан гэдэг.
1882 он
АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Ф.Рузвелт төржээ. Тэрээр Их депресси, дэлхийн II дайны эгзэгтэй үед улс орноо удирдсан юм. АНУ-ын Ерөнхийлөгчөөр дөрвөн удаа сонгогдсон хүн түүнээс өөр байхгүй билээ.
1923 он
ЗХУ-ын инээдмийн киноны нэрт найруулагч Л.Гайдай төржээ. Тэрээр “Кавказад болсон явдал”, “Эрдэнэ нуусан гар”, “Ы” ажиллагаа буюу Шурикийн адал явдал” зэрэг тус улсын ард түмний сэтгэлийг эзэмдсэн олон инээдмийн киног найруулсан юм.
1933 он
Германы парламентад олонхийн суудал авсан Национал-социалист намын удирдагч А.Гитлерийг тус улсын Канцлераар томилов.
1948 он
Энэтхэгийн үндэсний чөлөөлөх хөдөлгөөний удирдагч Махатма Гандиг мөргөл үйлдэхээр явах замд нь шашны хэт даврагч хороожээ.
1952 он
Сан-Ремо хотноо Италийн хамгийн алдартай хөгжмийн наадам анх удаа болсон байна.