Б.САНСАР
Тив тивийн хөгжим сонирхогчид өнөөдөр “Yesterday, “Let It Be”, “Hey Jude”, “Yellow Submarine” гээд бүх цаг үеийн хамгийн алдартай хамтлаг, Ливерпулийн “The Beatles” дөрвөлийн дуунуудыг эргэн дурсаж сонсох нь гарцаагүй. Юу гэвэл, ЮНЕСКО-гийн шийдвэрээр 2001 оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 16-нд поп, рок хөгжмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Английн энэхүү домогт хамтлагийн дэлхийн өдрийг тэмдэглэх болжээ. Энэ өдрийг сонгосон нь мэдээж санамсаргүй хэрэг биш.
60 жилийн тэртээ 1957 оны нэгдүгээр сарын 16-нд Английн Ливерпул хотноо “The Cavern” (“Агуй”) нэртэй клуб анх үүдээ нээжээ. Чухам энэ клубын тайзнаа Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр нарын хэн ч мэдэхгүй залуу хөгжимчид нэр алдрын оргилд хүрэх замналаа эхэлсэн билээ. Үүнээс долоон жилийн дараа 1964 оны нэгдүгээр сарын 16-нд тус хамтлагийн түүхэнд өөр нэг онцлох үйл явдал тохиосон байдаг. “I Want To Hold Your Hand” сингл цомог нь аравхан хоногийн дотор нэг сая ширхэг борлогдсоны дараа Америкийн хит-парадыг тэргүүлж эхэлжээ.
Тэр цагаас хойш тус хамтлагийн шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт асар хурдан нэмэгдэж, “Битломани” нэр авсан үйл явц олон жилийн турш манай гаригийг доргиосон. “The Beatles” дуу бичлэг, видео клипийн зураг авалт зэрэгт маш олон шинэлэг зүйл нэвтрүүлсэн бөгөөд олон хөгжмийн зохиолч, дуучин тэднийг дуурайдаг болсон аж. Тус хамтлаг арав хүрэхгүй жил оршин тогтнохдоо 13 цомог гаргаж, тэдгээрт багтсан дуу болгон нь жинхэнэ хит болж байлаа.
Орчин үеийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй “Rolling Stone” сэтгүүл шинэ зууны босгон дээр Ливерпулийн дөрвөлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг дуучин, хамтлагуудын жагсаалтын тэргүүнд тавьсан бөгөөд “Битломани” хэзээ ч дуусахгүйг онцолсон билээ.
1547 ОН
Хожим Догшин Иван гэгдэх болсон Москвагийн их ван IV Иван бүх Оросын анхны хаанаар өргөмжлөгджээ. Түүний эх Елена Глинская Алтан ордын түмтийн ноён Мамайн удмын хүн байсан гэдэг.
1920 ОН
АНУ-д согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдахыг хориглосон “Хуурай хууль” үйлчилж эхэлжээ. Гэвч ард түмний шахалтаар 1933 оны арванхоёрдугаар сард тус хуулийг цуцалсан юм. Энэ хугацаанд мафийнхан согтууруулах ундааны хууль бус наймаагаар маш ихээр баяжин хүчирхэгжсэн байна.
1963 ОН
ЗХУ-ын дарга Н.Хрущев тус улс 100 мегатонны ус төрөгчийн бөмбөгтэйг анх удаа албан ёсоор мэдэгджээ.
1970 ОН
Хурандаа Муамар Каддафи Ливийн Ерөнхий сайдаар томилогджээ. Тэрээр 2011 он хүртэл 41 жил Ливийг удирдсан бөгөөд мөн оны аравдугаар сарын 20-нд иргэний дайны үеэр Сирт хотноо Үндэсний шилжилтийн зөвлөлийн цэргүүдэд алагдсан юм.
1979 ОН
Иранд Аятолла Хомейнийн удирдсан лалын хувьсгал ялж, тус улсын 35 дахь буюу сүүлчийн хаан Реза Пехлевиг огцруулжээ.
1991 ОН
Кувейтийг Иракийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх 30 гаруй орны нэгдсэн цэргийн “Цөлийн шуурга” ажиллагаа эхэлжээ. Тус ажиллагааг НҮБ-ын шийдвэрээр эхлүүлсэн байна.
