1951 оны нэгдүгээр сарын 9-нд буюу 66 жилийн өмнө АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байрыг албан ёсоор нээх ёслол болжээ. Тус барилгын шав тавих ёслол 1949 оны аравдугаар сарын 4-нд болж, дэлхийн өнцөг булан бүрээс уригдсан архитектор, дизайнер, инженерүүд хамтран ажиллан 50 төсөл боловсруулсан бөгөөд сүүлийн сонгон шалгаруулалтаар Францын нэрт архитектор Ле Корбюзьегийн төслийг баталжээ. Ле Корбюзьегийн төслөөр НҮБ-ын үндсэн байгууллагуудын албан ёсны төв болсон тус байр архитектор, дизайны янз бүрийн загварыг шингээж, оффисын өндөр дөрвөлжин шилэн барилгыг Ерөнхий ассамблейн хуралдааны намхан дугуй оройтой танхимтай хослуулсан байна. Тус барилгыг ашиглалтад ороход хамгийн орчин үеийн архитекторын яруу тод үлгэр жишээ гэгдэж байжээ.
НҮБ-ын төв байр Нью-Йоркийн Манхэттен дүүргийн 42, 48 дугаар гудамжны дунд, нэгдүгээр өргөн чөлөөний дагуу долоон га газар эзлэн оршдог ба 167 метрийн өндөртэй ажээ. Хэдийгээр НҮБ гурван өөр байр Швейцарийн Женев, Австрийн Вена, Кенийн Найробид байдаг ч тус байгууллага дийлэнх чухал шийдвэрүүдээ Нью-Йоркийн төв байрандаа гаргадаг юм. Учир нь энэ байранд НҮБ-ын Ерөнхий ассамблей, Аюулгүйн зөвлөлийн хурал болдог билээ. НҮБ нь дэлхийн 170 шахам орны 61 мянган ажилтантай бөгөөд тэдний гуравны нэг нь Нью-Йорк дахь төв байранд байрладаг ажээ.
1399 ОН
Доголон Төмөр хааны цэрэг Энэтхэгийн Мейрут хотыг эзлэн авчээ.
1839 ОН
Парисын шинжлэх ухааны академид зохион бүтээгч, зураач Луи Дагерийн арилдаггүй дүрс буюу дагеротип гэгчийг анх толилуулжээ. Хожим энэ өдөр фото зураг үүссэн хэмээн тэмдэглэх болжээ.
1890 ОН
“Робот” хэмээх үгийг анх хэрэглэсэн Чехийн алдарт зохиолч Карел Чапек мэндэлжээ.
1932 ОН
Мексикийн өмнөд хэсгийн индиануудын эртний Монте-Албана суурингийн балгаснаас археологичид сапотеки хэмээх үндэстний XIII зуунд хамаарах асар баян эрдэнэсийн санг илрүүлжээ. Тус сууринд өндөр хөгжилтэй эртний соёл иргэншил 2000 гаруй жил оршин тогтнож байсан тул эрдэмтэд Эртний Грекийн Трой хотыг илрүүлсэнтэй адил маш чухал нээлт болсон гэж үзсэн байна.
1969 ОН
Английн Бристол хотын ойролцоо Англи, Францын хамтарсан дуунаас хурдан “Конкорд” нисэх онгоцны анхны туршилтын нислэг болжээ. Англи, Францын иргэний агаарын тээвэрт 27 жил хүчин зүтгэсэн есөн “Конкорд” онгоц агаарт 250 мянган цаг нисч, гурван сая гаруй зорчигч тээвэрлэсэн билээ. Гэвч ашиглалтын зардал ихтэй тул 2003 онд ашиглалтаас бүрмөсөн хасагджээ. Үүнд 2000 онд Парисын Шарл Де Голлийн нэрэмжит нисэх буудалд гарсан осол ч ихээхэн нөлөөлсөн байна. Нисэх буудлаас хөөрсөн даруйдаа сүйрсэн “Конкорд” онгоцны тэрхүү ослоор 113 хүн амь үрэгджээ.