Б.БАРС
Тухайн үедээ дэлхийд хамгийн том буюу хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан, хэзээ ч жившгүй гэгдсэн “Титаник” хөлөг онгоц 1912 онд Европоос Америкийг зорьсон анхны болон сүүлийнхээ аяллаар живсэн билээ. Тэрхүү эмгэнэлт үйл явдлаар АНУ-ын алдарт найруулагч Жеймс Камерон дэлхийн хамгийн их өртөгтэй (200 сая ам.доллар) киног зориглон бүтээж анх удаа нэг тэрбум ам.доллараас илүү орлого олсон дэлгэцийн бүтээлийн эзэн болж шуугиан тарьсан билээ.
“Титаник” кино анх АНУ-ын кинотеатруудад яг 19 жилийн өмнө, 1997 оны арванхоёрдугаар сарын 19-нд дэлгэцнээ гарчээ. “Нялх од” Леонардо Ди Каприо, Кейт Винслет нар гол дүрийг бүтээсэн энэхүү дэлгэцийн бүтээл дэлхий даяар 1.8 тэрбум ам.долларын орлого олж тухайн үедээ байж болшгүй дээд амжилтыг тогтоон кино ертөнцийг шуугиулсан юм.
“Титаник” кино “Оскар”-ын 14 номинацид нэр дэвшиж “Оны шилдэг кино” болж 11 номинацид тэргүүлжээ. Үүнд үзэгчид ч, кино шүүмжлэгчид ч гайхаагүй, болох ёстой юм болсон гэж л үзсэн биз ээ. Энд дурдахад, “Титаник”-ийн адил 11 удаа “Оскар” гардсан кино хоёрхон байдаг бөгөөд тэдгээр нь “Бен Хур”(1959 он), “Бөгжний эзэн. “Хаан эргэн ирсэн нь”(2003 он) аж.
Хэдийгээр “Титаник”-ийн гол дүрийг бүтээсэн Леонардо Ди Каприо, Кейт Винслет нар энэ киногоор “Оскар” аваагүй ч аль аль нь чухам энэ киногоор дэлхий дахинд танигдан хожим энэ нэр хүндтэй шагналын эзэн болсон билээ.
Энд сонирхуулахад, “Титаник”-ийн хамгийн их орлоготой киноны дээд амжилтыг 12 жилийн дараа мөн л Жейм Камероны “Аватар” (нийт орлого нь хоёр тэрбум ам.доллараас давсан анхны кино) эвджээ.
1793 ОН
Залуу ахмад Наполеон Бонапартын зоримог шийдвэрийн ачаар Францын хувьсгалчдын армийн Тулоны цайзыг тус улсын эзэн хаан бөгөөд Английн цэргээс чөлөөлжээ. Ийм гавъяа байгуулсныхаа хариуд Францын ирээдүйн эзэн хаан тэрээр бригадын генерал цол хүртсэн байна.
1917 ОН
Канадын Монреал хотноо NHL буюу Үндэсний хоккейн лигийн анхны тэмцээн эхлэв.
1983 ОН
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо спортын түүхэнд “Зууны хулгай” гэгдсэн гэмт хэрэг гарч, гурван удаагийн дэлхийн аварга Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн хүртсэн алтан “Дэлхийн цом”-ыг хулгайлжээ.
1984 ОН
Их Британи БНХАУ-д Хонгконгийг 1997 онд шилжүүлэн өгөх тухай гэрээ байгуулжээ.
