Б.БАРС

1979 оны арван­хоёр­дугаар сарын 12-нд ЗХУКН-ын Улс төрийн товчоо яаралтай хуралдан, Афганистан руу цэрэг оруулахаар шийдвэрлэжээ. ЗХУ-ын удирдлага энэхүү шийдвэрээ Бүгд Найрамдах Ардчилсан Афганистан Улсын Засгийн газрын албан ёсны хүсэлт дээр үндэслэн гаргасан гэдэг. Евразийн төвд орших Афганистан нь геополитикийн онцгой байрлалынхаа улмаас олон зууны турш дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн ашиг сонирхол огцлолцон зөрчилдсөөр ирсэн бөгөөд ЗХУ-тай шууд хиллэдэг тул Москвагийн анхаарлыг онцгой их татдаг байжээ.

Афганистанд 1978 оны дөрөвдүгээр сард болсон Саурын буюу дөрөвдүгээр сарын хувьсгалын үр дүнд социалист үзэл баримтлалтай Афганистаны Ардын ардчилсан нам тус улсын төрийн бүх эрх мэдлийг гартаа авчээ. Гэвч лалын үзэл баримтлалтай можахедуудын бүлэглэлүүд шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөлгүй зэвсэгт бослого гаргаснаар иргэний дайн дэгдсэн байна. Үүний сацуу Афганистаны Ардын ардчилсан намын дотоод тэмцэл хурцдан тус намын удирдагч Н.М.Тараки баривчилж цаазалсныхаа дараа Х.Амин эрх баригч намын дарга болжээ. Тэрээр нам дотроо цэвэрлэгээ хийн хүчийг нь сулруулах болсны дээр АНУ-ын тагнуулын албадтай нууцаар холбоо тогтоох болсон тул Москва өмнөд хил дээр нь дайсагнагч улс бий болохоос сэргийлэн Афганистан руу цэргээ оруулах болжээ.

ЗХУ-ын тусгай албад Х.Амины амийг хороон Афганистаны удирдагчаар өөрийн хүн Б.Кармалийг тавьсан байдаг. Гэвч өрнөдийн ертөнцийн дэмжлэгтэй можахедуудыг Афганистаны Засгийн газар болон ЗХУ-ын цэрэг хүч хавсран арав шахам жил дайтаад дийлж чадаагүй юм. 1989 оны хоёрдугаар сарын 15-нд ЗХУ-ын цэргийн сүүлийн цуваа тус улсаас гарсан бөгөөд үүний дараахан ЗХУ өөрөө задран нурж үгүй болсон билээ.

1863 он

Дүрслэх урлагт символизмын урсгалыг үндэслэгчдийн нэг, Норвегийн нэрт зураач Э.Мунк төржээ.

1911 он

Энэтхэгийн нийс­лэлийг Калькуттаас мянга гаруй жилийн өмнө босгосон дэлхийн үнэт өв болох 60 мянган дурсгалтай Дели рүү шилжүүлжээ.

1948 он

Киргизийн алдарт зохиолч Ч.Айтматов төржээ.

1946 он

“Тайд” нэртэй дэлхийн анхны угаагч нунтаг худалдаанд гарчээ.

1993 он

ОХУ-ын бүх ний­тийн санал асуулгаар тус улсын Үндсэн хуулийг баталжээ. 1994 оноос ОХУ-д Үндсэн хуулийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин