Б.ТҮШИГ

75 жилийн өмнө, 1941 оны арванхоёрдугаар сарын 5-нд ЗХУ-ын нийслэл Москва хотын төлөөх шийдвэрлэх тулалдааны төгсгөлд Улаан арми анх удаа сөрөг давшилтад орон нацист Германы “Төв” бүлэглэлийн толгой анги нэгтгэлүүдийг бут цохижээ. Ялагдашгүй гэгдсэн нацист Германы цэрэг дэлхийн II дайны явцад анх удаа томоохон ялагдал хүлээснээр А.Гитлерийн “цахилгаан дайн”-ы төлөвлөгөө бүрмөсөн балран нурсан юм.

ЗХУ-ын удирдагч И.Сталин маршал Г.Жуковыг Ленинградын фронтоос эгүүлэн татаж Москвагийн хамгаалалтыг хариуцуулаад, “Москваг алдахгүй гэдэгт итгэлтэй байна уу? Коммунист хүний хувьд ний нуугүй үнэн шударгаар хариулаач”гэж асуусан гэдэг. Үүний хариуд Г.Жуков, “Москваг алдахгүй нь тодорхой. Гэвч нэмж хоёроос доошгүй арми, ядаж 200 танк хэрэгтэй” гэж товчхон хариулжээ. И.Сталин түүний хүсэлтийг ёсоор болгосон бөгөөд Г.Жуков хэлсэндээ хүрч, түүний удирдсан Баруун фронтын цэрэг Москваг амжилттай хамгаалаад зогсолгүй сөрөг давшилтад орон дайсны 500 мянга гаруй цэрэг, 1300 танк, 2500 их буу, 15 мянга гаруй автомашин, бусад техникийг устгасан байдаг.

Нацист Германы Москваг эзлэх “Тайфун” нэр авсан ажиллагаа 1941 оны есдүгээр сарын 30-нд эхэлсэн бөгөөд долоон хоногийн дараа Улаан армийн дөрвөн армийг Вязьма, хоёр армийг Брянск хотын ойролцоо бүсэлснээр Москваг эзлэх зам чөлөөтэй болсон мэт байв. Гэвч ЗХУ-ын цэрэг Москвагийн ойролцоо цус урсгасан ширүүн тулалдаанд Германы 20 дивизийн давшилтыг зогсоож чадсан юм.

Москвагийн төлөөх тулалдаан, ЗХУ-ын анхны сөрөг давшилт дэлхийн II дайны явцыг эргүүлэх анхны чухал үйл явдал болсон гэж үздэг билээ.

1349 он

Европт тарваган тахал тархаасанд еврей нарыг буруутгаж Нюрнберг хотынхон еврей иргэдийн амь насыг бүрэлгэн эд хөрөнгийг нь дээрэмджээ.

1766 он

Их Британийн тэнгисийн цэргийн офицер асан Жеймс Кристи Лондон хотноо урлагийн бүтээлийн анхны дуудлага худалдааг зохион байгуулжээ. Түүний үүсгэсэн “Кристи” нь дэлхийн хамгийн алдартай дуудлага худалдаа зохион байгуулагч компани болсон билээ.

1901 он

Оскар-ын шагналыг 29 удаа гардаж байсан АНУ-ын хүүхэлдэйн киноны нэрт найруулагч, продюсер, зураач Волт Дисней төржээ.

1927 он

Тайландын эзэн хаан Пумипон Адулиадет мэндэлжээ. Түүний төрсөн өдөр Тайландын бүх нийтээрээ амардаг хамгийн том баяр бөгөөд энэ өдөр тус улсын нийслэл Бангкок хотноо цэргийн парад болж, салют буудан цэнгүүн болдог байна.

1937 он

Японы цэрэг Хятадын Нанжин хотыг эзлэн авчээ. “Нанжиний хядлага” нэр авсан харгислалын үеэр 250 мянга гаруй хятад иргэдийн амь насыг бүрэлгэсэн гэдэг.

1945 он

АНУ-ын агаарын хүчний зургаан сөнөөгч онгоц Бермудын гурвалжны хавьд учир битүүлгээр алга болсон бөгөөд ул мөр нь өнөөг хүртэл олдоогүй ажээ.

1949 он

Иерусалим хотыг Израилийн нийслэлээр зарлан тунхаглажээ

banner-12-5